Монгол Улсын Гавьяат тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт, Эрхэт Монгол группийн тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэгийг танихгүй хүн ховор.
Монголын “алтан охин” нэрийг зүүдэг тэрбээр өдгөө УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргалтай гэр бүл болж хоёр хүүгийн ээж болсон.
Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудаснаа нэгэн залууг дотночлон тэвэрсэн зургаа нийтлэсэн нь олны анхаарлыг татав. Уг зургийн тайлбартаа тамирчин бүсгүй “Намайг дандаа хайрлаж хамгаалж өсгөсөн хайртаа ахдаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Нээрээ манай агаа ганц бие шүү” хэмээн онцлоод цахим хуудсыг нь олонд зарлажээ.
М.Анхцэцэгийг айлын том охин ба доороо хоёр эмэгтэй дүүтэй хэмээдэг ч, дээрээ бас ахтай шүү гэдгээ тодотгосон бололтой.
М.Анхцэцэг 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргажээ. 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13 настайдаа Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан юм.
Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн. Түүний аав Т.Мөнжанцан, ээж Д.Мөнхчимэг нар нь армийн хүмүүс.

