Зургийн тайлбар: Мэдээний агуулгад нийцүүлэн хиймэл оюун ухаанаар бүтээв.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2026.05.05-ны өдөр нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр улсаас мөнгө авсаар байсан ГУРВАН хэргийг шийдвэрлэсэн байна.
Тодруулбал,
- А.Д нь төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах зорилгоор охин болох Д.Ёлкаг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан атал Улсын бүртгэлийн байгууллагаар нас барсны бүртгэл хийлгэлгүйгээр түүнийг амьд байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, 2020 оны 5 дугаар сараас эхлэн 2023 оны 01 дүгээр сар хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 3,300,000 төгрөгийг, мөн коронавирус буюу цар тахлын үед 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр иргэн бүрд олгосон Засгийн газрын нэг удаагийн дэмжлэг болох 300,000 төгрөгийг хууль бусаар авч, Нийгмийн халамжийн санд нийт 3,600,000 төгрөгийн хохирол учруулан Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
- Ж.Марияш нь төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах зорилгоор охин Б.С 2020 оны 1 дүгээр сард нас барсан байхад 2020 оны 2 дугаар сараас 2022 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд төрөөс олгогдсон хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 2,240,000 төгрөг, мөн коронавирусын үед буюу 2021 оны 4 дүгээр сард иргэн бүрд олгосон Засгийн газрын нэг удаагийн дэмжлэг 300,000 төгрөгийг тус тус хууль бусаар авч, нийгмийн халамжийн санд нийт 2,540,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
- С.Гүлжаукар нь төрөөс олгож буй 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийг авах зорилгоор охин болох М.А 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан атал улсын бүртгэлийн байгууллагаар нас барсны бүртгэл хийлгэлгүйгээр түүнийг амьд байгаа мэтээр бодит байдлыг нууж, 2025 оны 2 дугаар сараас эхлэн 2026 оны 2 дугаар сар хүртэл 650,000 төгрөгийг хууль бусаар авч, нийгмийн халамжийн санд нийт 650,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
Өөрөөр хэлбэл казак иргэд санаатайгаар улсаас мөнгө авсаар байсан бөгөөд энэ үйлдэл нь илэрхэд улсад учруулсан мөнгөө эргүүлж төлсөн байгаа юм. Улмаар хамгийн хөнгөн ял оноож өгөөч хэмээн шүүхэд хүсэлт гаргаснаар нэг жилийн тэнсэн харгалзах ял авсан байна.
Баян-Өлгий аймагт тэр дундаа казакууд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх тохиолдол гарсаар байгаа бөгөөд энэ асуудалд Баян-Өлгий аймгийн нийгмийн халамж, үйлчилгээний газар, улсын бүртгэл, хууль хяналтын байгууллага анхаарч ажиллах шаардлага байгааг бид энэхүү мэдээллээр онцолж байна.
А.Баярмаа

