Зам, тээврийн сайд Борхүүгийн ДЭЛГЭРСАЙХАНы оруулсан саналаар Засгийн газраас шийдвэр гаргаж Авто замын шалган нэвтрүүлэх товчоодоор орж гарч буй тээврийн хэрэгслээс авах хураамжийг эрс өсгөхөөр болоод байгаа.
Суудлын автомашинаас 10000-ыг авна гэж байснаа багасгаж 5000 болгож. Ачааныхаас 20000-ыг авахаар шийдвэр гарч 2026.08.01-нээс хэрэгжих нь. Ингэж ТАЦ-ээр нэвтрэх хураамжийг 1000 төгрөгөөс эрс нэмсэн шалтгаанаа авто замын засвар, арчлалтын мөнгө хүрэхгүй байгаа гэсэн шалтгаан ЗТЯ-ныхан хэлж буй.
Төр, засаг АВЛИГАЧДААР дүүрч, тэд нь өөрсдөө баяжаад, эгэл жирийн ард иргэдийнхээ халаасыг ухаж замынхаа хураамжийг бүрдүүлэн засвар хийх юм гэнэ. АВЛИГАЧДЫН гайг ард иргэд, татвар төлөгчид бид үүрэх болсны илрэл энэ. Дэлхийн, Азийн хөгжлийн, Европын сэргээн босголт хөгжлийн банк зэрэг хандивлагч, зээлдүүлэгчдээс хөрөнгө босгоод бүтээн байгуулалт хийх, төсөл хэрэгжүүлэх боломжийг ЭРХ МЭДЭЛ БҮХИЙ АВЛИГАЧИД үгүй болгож, УЛСЫНХАА НЭР НҮҮРИЙГ ХӨӨДСӨН. Хандивлагчдын хөрөнгөөр боссон ДАРХАНЫ ЗАМЫН бүтээн байгуулалт хэчнээн жил үргэлжилж, хэдэн хүний амийг авч одсон билээ дээ. АВЛИГАЧ эрх мэдэлтнүүд тендерийг нь будилаантуулж, хахуулиар бусдад давуу байдал олгож байсны үр дүн.
Монголчуудын эрүүл мэндэд анхаарч, Дэлхийн банкнаас төсөв хөрөнгө гарган, төсөл хэрэгжүүлэх болоход ЭМЯ-ны эрх мэдэлтнүүд хөрөнгийг нь угаагаад МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ ичгэвтэр байдалд оруулсан. Монголоос мөнгөө нэхсэн ийм ичгэвтэр явдал өмнө нь гарч байгаагүй л болов уу.
Солонгосын “Эксим” банкны зээлээр 10 аймгийн Дулааны цахилгаан станцыг шинэчлэхээр болсон ч мөн л манай ЭРХ МЭДЭЛ БҮХИЙ АВЛИГАЧИД төслийн хөрөнгийг угаагаад ажил гацчихсан.
Энэ мэтээр АВЛИГАЧДЫН балгийг ард иргэд төлсөөр байна. Улсаа шившигт оруулж, хандивлагчдаас зээл, тусламж авах боломж хумигдаж, ЗАМАА ЗАСАЖ, САЙЖРУУЛАХ ӨРГӨТГӨХ хөрөнгөгүй болсныг илтгэх баримт нь ТАЦ-ээр нэвтрэх хураамж нэмэх шийдвэр ч байж болох.
Г.Цолмон

