Ойрд уулзаагүй “Харьцуулалт” булангийнхаа шинэ дугаараар уншигч та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна.

Энэ удаа та бүхэнд “Цагаан шөнө” хамтлагийн дуучин С.Хүрэлбаатар дуулж олноо хүргэсэн “Зүрхний санаашрал” дууг онцлож байна.
“Зүрхний санаашрал” дууны шүлгийг Буд, хөгжмийг МУГЖ, ая зохиогч Ч.Амаржаргал зохиосон байдаг.
Дуучин С.Хүрэлбаатар “Зүрхний санаашрал”
Залуу уран бүтээлчид хуучны дууг сэргээн дуулдаг “мода” дэлгэрсэн гэхэд хилсдэхгүй. “Зүрхний санаашрал” дууг залуу дуучин Т.Баярхишиг дуулж нэг хэсэг оюуны өмчийн маргаан дэгдээгээд амжсан. Зөвшөөрөлгүй дуулсан гэж сошиалаар буруутгагдсан ч эмэгтэй хүний уянгалаг хоолойгоор энэ дууг дахин амилуулсан.
Дуучин Т.Баярхишиг “Зүрхний санаашрал”
Хүн төрөлхтөн шинэ технологийн хөгжилтэй хөл зэрэгцүүлэн хөгжиж явна. Сүүлийн үед AI-аар дуу уран бүтээлээ дуулуулах бас нэгэн давалгаа гарч байна. “Зүрхний санаашрал” дууг AI-аар дуулуулж зарим нэг дуучдаас илүү дуулаад л байгаа даа.
“Зүрхний санаашрал” AI хувилбар
Хөгжмийн зохиолч, дуучин Ч.Амаржаргал сүүлийн үед өөрийн дуулж амьдруулсан уран бүтээлүүдээ дараагийн дуучиддаа өвлүүлэн өгч байгааг уншигч та бүхэн анзаарсан биз ээ. Энэ дундаас өнөөдрийн “Зүрхний санаашрал” дууг Genz үеийнхэн ихэд сонсох болсон МУГЖ Л.Болдбаатарт эрхийг нь өгч дуулуулжээ.
Танигдаж амжаагүй залуу дуучдаас гавъяатаар хүртэл дуулагдсан “Зүрхний санаашрал” дууг хэн сайн амилуулсанг мэргэн уншигч та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ.
МУГЖ Л.Болдбаатар “Зүрхний санаашрал”
Зүрхний санаашрал
Үг: Буд Ая: Амаржаргал /МУГЖ/
Үдшээр уйлах өвсөн шүүдэрт хөлөө норгоод
Үндсэнд шургасан чимээгүй бодлоо зүрхэндээ тэрлээд
Нар хүлээх талдаа үүрийг угтан суухад
Намайг бүүвэйлсэн чиний минь хайр надад энхрий
Хажууд нь хоржигнох булгийн урсгал чиний инээд
Холхи оддын хилгүй гүнд шөнийн гэгээ
Зүүдний юм шиг амрагын диваажинд миний нисгэсэн
Зүрхний хараацай хайрын дуу эндээс эхтэй
Санааширалд аялах саран авхай надтай ханьсаад
Салхины исгэрээ лимбэний дуунд уяран хайлаад
Чиний нэр шиг наддаа дотно туяагаа илгээж
Чимээгүй дүнсийх талд бууж бишүүрхэн учирдаг юм
Холын саран надад тэгээд хайрын домог хүүрнэн
Хормойд нь саваагүйтэх салхи нь номхорч хөл дор унтаад
Сар бид хоёрын богинохон учрал өндөрлөхөд
Санаа амран өндийн босон дэгдэдэг юмаа

