Олны танил хүмүүс хүссэн ч эс хүссэн биеэ зөв авч явж, үг үйлдэл бүрдээ хариуцлагатай хандах ёстой. Учир нь өсвөр насныхан болон бусдад сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул энэ нь нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлага болсон. Харин энэ үүрэг, хариуцлагаа ухамсарлаагүй хүн бол дуучин Эгшиглэн буюу иргэн Т.Болортуяа бөгөөд тэрбээр хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр шүүхээс зорчих эрхээ хасуулах ял авчээ. Гэвч тэрбээр зөвшөөрөлгүй газраар зорчсон тул уг ялыг цагдан хорих ял болгон өөрчилсөн байна. Олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор энэ удаагийн алдартнуудын хэрэг буландаа уг хэргийг онцлон хүргэж байна.

Дуучин Эгшиглэн хамтран амьдрагч Сэргэлэнтэйгээ 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр *** худалдааны төвийн урд зам дээр ********** улсын дугаартай ********** загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамин бодисын агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0.5276 грамм жинтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар худалдаалах зорилгогүйгээр олж авч, хадгалсан гэмт хэрэгт холбогдсон юм.
Тухайн үед тэднийг хар тамхи хэрэглэсэн эсэхийг тогтоохын тулд бие болон машинд нь үзлэг хийж, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглах зэрэг ажиллагаа явуулсан байна. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.Золзаяагийн 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн ЕГО325/1455 дугаар дүгнэлтээр : “… шээс зэргээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт гарсан байна. Мөн машинаас олдсон зүйлс нь хар тамхи болох нь тогтоогджээ.
Монгол Улсад хар тамхи буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгөх, худалдан борлуулах, тээвэрлэх зэргийг эрүүгийн хуулиар хориглодог. Харин дуучин Эгшиглэн, хамтран амьдрагчтайгаа үйлдэлдээрээ баригдсан тул гэм буруугийн талаар маргаагүй байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтаас харвал эрх олгосон байгууллагаас өөр бусад албан байгууллага, иргэн, хуулийн этгээд хэн ч байсан мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг аливаа хэлбэрээр ашиглах, бэлтгэх, хадгалах боломжгүйн зэрэгцээ хууль бусаар олж авсан, хадгалсан, бэлтгэсэн бусдад олж өгсөн нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэхэээр заасан. Хууль бусаар хадгалах гэдэгт аливаа эд зүйлийг хуулиар хориглосон гэдгийг мэдсээр байж хууль бусаар өөрийн болон бусдын эзэмшлийн обьект мөн өөрийн биед хадгалахыг ойлгох бөгөөд энэ нь гэм буруутай этгээдийн шууд чиглэсэн санаатай үйлдлээр илэрнэ.
Гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2025.06.16-ны өдөр болсон. Шүүх хуралдааны үеэр Эгшиглэн “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэжээ.
Шүүх хурлын үеэр прокуророос тэдэнд хоёр жилийн хорих ял санал болгосон. Харин дуучин Эгшиглэнгийн өмгөөлөгч хорих биш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгөхийг хүссэн юм.
Шүүхээс хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн. Ингэхдээ энэхүү гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг шүүх сонгон хэрэглэхдээ тус гэмт хэргийн улмаас учрах, учирч болох хохирол, хор уршгийн хэр хэмжээ, түүний шинж чанарыг зайлшгүй харгалзан үзжээ. Өөрөөр хэлбэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт”-ээр Эгшиглэн буюу Т.Болортуяа, Сэргэлэн нар нь хэрэг хариуцах чадвартай, мансууруулах болон сэтгэц идэвхит эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй болох нь тогтоогдсон, түүнчлэн шүүгдэгч нар нь эрхэлсэн тодорхой ажилтай, энэ төрлийн гэмт хэрэгт анх удаа холбогдсон байх тул эрх чөлөөг нь тодорхой хугацаагаар хязгаарлах шаардлагагүй гэж үзсэн байна.
Улмаар тэдэнд Хан-Уул дүүргээс гарах эрхийг нь хоёр жил хасах ял оноосон байдаг.
Хэрвээ Хан-Уул дззргээс удаа дара агарвал зорчих эрхийг хязгаарлах ялыг цагдан хорих ял болгон өөрчлөхийг шүүхийн шийдвэрт тусгасан юм.
Шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд уг ялыг хэрхэн биелүүлэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хяналт тавьж ажилладаг. Эгшиглэн буюу Т.Болортуяа, Сэргэлэн нарт цахим бугуйвч зүүлгэсэн. Зөвхөн зөвшөөрөл авч тухайн дүүргээс гарах эрхтэй бөгөөд тэдний хувьд Хан-Уул дүүргээс эхний удаа гарахад нь сануулаад өнгөрсөн байна. Улмаар зөвшөөрөлгүйгээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс удаа дараа гарсан тул зорчих эрхийг хасах ялыг цагдан хорих ял болгон өөрчилжээ.
Ял солих хурал болсноор өнөөдөр тэрбээр ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байна.
Түүний цагдан хоригдох хугацаа нэг жил дөрвөн сар юм.
Судалгаагаар анхны хэрэглээ ихэвчлэн сониуч зан, үе тэнгийн дарамт, найз нөхдийн нөлөө болон “ганц удаа бол яах ч үгүй” гэх буруу ойлголтоос эхэлдэг. Гэвч шинжлэх ухааны судалгаагаар ганц удаагийн хэрэглээ ч тархины системд нөлөөлж, дахин хэрэглэх хүсэл, сэтгэлзүйн хамаарал үүсгэх эрсдэлтэйг тогтоосон. Өсвөр насанд тархи бүрэн хөгжөөгүй байдаг тул сэтгэцэд нөлөөт бодисын хор нөлөө илүү хурдан, илүү гүнзгий тусах магадлал өндөр байдаг. Ой тогтоолт, шийдвэр гаргалт, сэтгэл хөдлөлийн тогтвортой байдалд урт хугацааны өөрчлөлт бий болох эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Хэн ч донтогч болж төрдөггүй. Харин мэдээлэлгүй, анхаарал сул, халуун дулаан харилцаа дутмаг орчин эрсдэлийг нэмэгдүүлдэг тул олны танил хүмүүсийг даган дуурайх шаардлагагүй, эрүүл мэнд, амь нас, хувь заяагаа эрсдэлтэйг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.
А.Баярмаа

