Монголын анхны гутлын салон хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг Shoes love салонтой холбоотой гомдол тасрахгүй байна. Тус салоныхон үйлчлүүлэгчийнхээ 2.5 сая төгрөгийн үнэтэй брэндийн цайвар шаргал өнгөтэй гутлаа нэг удаад өмсөөд, цэвэрлүүлэхээр тус салонд гутлаа даатгажээ.
Гэтэл “бид цэвэрлэж чадна” хэмээн хэлж, цэвэрлэгээний хөлсөнд өндөр төлбөр мөнгө төлүүлчихээд үйлчлүүлэгчдээ буцааж өгөхдөө цэвэрлэж “сэргээх” нь бүү хэл, цайвар шаргал өнгөтэй гутлыг “хав халтар” бараан өнгөтэй болгоод буцааж өгчээ.Ёстой л “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгч болсон нь энэ.
Үүнд бухимдсан үйлчлүүлэгч гомдол гарган дахин цэвэрлүүлэхээр гутлаа буцаасан ч тусыг эс олсон байна. Өнгө нь халтар хэвээрээ, хэлбэр хийц эдэлгээг нь бүр дордуулж хуучин гутал шиг болгоод хаяжээ.
Энэ мэт Shoes love-ийнхон итгэж ирсэн иргэд, үйлчлүүлэгчийнхээ сэтгэлзүй, цаг зав, мөнгө санхүүгээр наадаж байна. Тэдний “тохуутай” үйлчилгээнд хяналт тавьдаг газар ч гэж алга.
Иргэдийнхээ талд үйлчилдэг гэх ШӨХТГ-т энэ салонтой холбоотой гомдол санал ирдэг ч, тэд хав дараад өнгөрдөг байх магадлалтай болохыг бид өмнө нь мэдээллэсэн.
Иймд Shoes love салоны үйлчилгээнээс болж хохирсон, сэтгэл дундуур явдаг иргэд та бүхэн бидэнд хандаарай. Хэрэглэгч үйлчлүүлэгчдийг хамгаалах үүднээс хууль хяналтын байгууллагад нэгдэн нийлж, хандан асуудлыг шийдүүлцгээе.