Төрийн их баяр наадам болоход хэдхэн хоног үлджээ. Аймаг аймаг, дэвжээ дэвжээний бөхчүүд бэлтгэлдээ гарсан байгаа. Зарим нь бэлтгэлээсээ бууж, биеэ амраасан байдалтай байгаа ажээ.
Улсын наадам гэдэг бөхчүүдийн хувьд цол нэмэх, цол ахих нэг том боломж. Мэдээж энэ боломжийг хэн ч алдахыг хүсэхгүй. Хүн бүр хичээж, жилийн дүнгээ тавиулах боломж гэж харж байгаа юм. Харин өнөө жилийн баяр наадмаар бөхчүүдийн барилдаан болон ам авах зэрэг зүйлд МҮБХ-ноос өөрчлөлт оруулжээ. Тухайлбал бөхчүүдийн ам авалтыг цахим болгож том дэлгэцээр харуулна, ам авах үедээ гар утас ашиглахгүй. Мөн барилдааны идэвхээр нь бөхчүүдийг давсанд тооцно гэх мэт өөрчлөлтүүдийг оруулж ирсэн нь бөхчүүдийг талцуулаад байна. Тодруулбал, удаан барилдаад заасан минутаас хэтрээд давалцахгүй бол хамгийн идэвхтэй санаачилгатай барилдаж байгааг нь давсанд тооцуулж, учраа бөхийнх нь тахимыг өгүүлнэ гэдэгт бөхчүүд байр сууриа илэрхийлж эхэлжээ.
Тухайлбал, өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх, улсын отгон аварга О.Хангай “Төрийн наадмын үзүүр түрүүний бөх идэвхээр шийдэгдвэл юу болох вэ. Бүгдийг хурдлуулах гээд яараад байгаа хүмүүсээ” гэж асуусан байна.

