Ардын дууг аялгуулан дуулж, ард түмнийхээ хайр талархлыг хүртсэн эрхэм бол Болдбаатарын Алтанжаргал. Өнөөдөр түүний нарт хорвоод дуугаа хадааж мэндэлсэн өдөр тохиож байна.
Соёлын Тэргүүний Ажилтан Б. Алтанжаргал 1983 онд Төв аймгийн Зуунмод хотод төрсөн. Төрөлх хотынхоо Хүмүүн цогцолбор сургуульд суралцан төгсжээ. Багадаа хурдан морь унадаг, их сайхан гийнгоолдог хүүхэд байв.Өвөө, ээж нь авьяасыг нь таньж дэмжсэнээр Б.Алтанжаргал хүү уртын дууны олон уралдаан тэмцээнд оролцох болсон аж.
Тэрээр 2001 онд СУИС-ийн Уртын дуу дуулаачийн ангид элсэн, МУ-ын Гавьяат Багш Ц.Дэлгэрт шавь орсноор уртын дуучин мэргэжил эзэмшсэн гэнэ.
Сайхан инээмсэглэлээр өөрийгөө чимж ардын дуундаа хайртай сонсогч түмнийхээ сонорыг шинэ тутам уран бүтээлүүдээрээ мялаасаар байна. Эрхэм дуучиндаа төрсөн өдрийн мэнд хүргэе.

