Өнөөдөр нүүрсний гэх хэргийн шүүх хурлууд
• УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, УИХ-ын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэрэг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
• УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан болон ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурал Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байна.
Дөнгөж сая УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, УИХ-ын дарга асан З.Энхболд нарт холбогдох гэм буруугийн шүүх хурал гэрч оролцуулах саналтайгаар он гартал хойшилсон юм.

Уг шүүхийн хурлын дараагаар УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан болон ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Даваадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарын гэм буруугийн шүүх хурал боллоо.
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Дагвадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдсэн.
Яллагдагч нар болон түүний өмгөөлөгч нарын биеийн байдал тааруу, өмгөөлөгч нарын шүүх хурал давхардсан зэрэг шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасаар байсан бол прокурор шүүх хурлыг хойшлуулахгүй байх үндэслэл байгааг тайлбарласаар байв. Мөн яллагдагч Б.Ганхуягийн өмгөөлөгчийн хувьд түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээ буюу цагдан хориог өөрчлүүлэх хүсэлт гаргасан.
Шүүхээс дээрх хүсэлтүүдийг хүлээн авч гэм буруугийн шүүх хурлыг 2024 оны 01-р сарын 15-ны өдрийн 09:00 цагт товлов.
Шүүх хурал болох хүртэл яллагдагч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээсэн юм.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

