Хэдхэн жилийн өмнө мэдээлэлд ойрхон, өндөр албан тушаалтай эрхмүүд ЖДҮ-ийг дэмжих санг тонон дээрэмдсэн талаарх баримтууд хэвлэлд дэлгэгдэж, дуулиан шуугиан нь “boom” тарьж байв.
Харин өнөө цагт ЖДҮ-ийг дэмжих сан бус тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах, бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, үндэсний үйлдвэрлэгч болох боломж бололцоог ханган бойжуулах үүрэгтэй зарим дүүргүүдийн ЖДҮҮДТ /Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв/-ийн “хурган” дарга нар үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ боломжийг булааж байгааг энэ удаад бид онцолж байна.
Тухайлбал, Налайх дүүргийн ЖДҮҮДТ-ийн дарга А.Тайванбаяр гэх эр.
Тэрээр 2022 оноос өнөөг хүртэл Налайх дүүргийн ЖДҮҮДТ-ийн даргын албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд нэлээдгүй хөрөнгөжсөн төдийгүй дүүргийн төлөөлөгчөөр сонгогдсныг ойр дотныхон нь жиг жуг хийх болж.
-Үйлдвэрлэгчийн боломжийг үйлдвэрлэлгүй, төрийн албан хаагч эхнэртээ “булааж” авч өгчээ-
Тэрээр 2024 оны 10 дугаар сард дүүргийн төлөөлөгчөөр иргэдийн саналыг “ам мөлтөс” аван, анх удаагаа сонгогдсон байна. Сонгогдсон даруйдаа буюу орон нутгийн сонгууль дуусаад хэдхэн хонож байхад эхнэрийнхээ нэр дээр импортоор орж ирсэн “шинэ” автомашинаар хуучнаа сольжээ.
Тэр бүү хэл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Жижиг дунд үйлдвэрийн газраас ирэх 9-р сард АНУ-д монголын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаанд явах ганцхан квот Налайх дүүрэгт ирэхэд, үйлдвэр эрхлэгчээ бус өөрийн хайрт эхнэртээ өгсөн гэх. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагад мэргэжилтэн нийдэг эхнэр нь Монголын жижиг дунд үйлдвэрлэгч нэрээр АНУ-ын визэнд орж 10 жилийн хугацаатай тус улсад зорчих эрх авсан байна. Эх сурвалжийн мэдээллээр, түүний эхнэр ямар нэгэн бизнесгүй, үйлдвэрлэлгүй. Гэтэл “хурган” дарга нөхөр нь үйлдвэр эрхлэгчдийн боломж бололцоог ийнхүү булаасан нь шударга бус. Өмнө нь хэрхэн, хэдэн удаа ийм асуудал гаргаж байсныг та бид таашгүй.
Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж буй үйлдэл байж болзошгүй тул АТГ-ынхан энэ жилийн хөрөнгө орлогын мэдүүлэгт нь үндэслэн дээрх үйлдлүүдийг нь анхаарах биз ээ.
-Нэг жилийн хугацаанд орлого нь 8 сая, хадгаламж нь 20 сая төгрөгөөр тус тус нэмэгджээ-
А.Тайванбаярын хөрөнгө орлогын мэдүүлгийг үзвэл, 2022 онд өөрийн гэсэн орон байргүй, 320м2 бүхий газартай, орлого нь 10 сая, дансандаа 30 сая төгрөгтэй байжээ.
Харин дүүргийн ЖДҮҮД-ийн дарга болсноос хойш нэгхэн жилийн дотор буюу 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хуучин 320 м2 газар дээрээ дахин 500 м2 газар нэмж авсан, орлого нь 8 сая төгрөгөөр, хадгаламжийн данс нь даруй 20 гаруй сая төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. 2024 онд чухам хэрхэн тайлагнасан нь хачирхалтай. Энэ сарын 30-ны өдрөөс өмнө нгөрсөн жилийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ олон нийтэд мэдээлэх болно. Тэгэхээр түүний хөрөнгө орлого нь хэрхэн нэмэгдсэн болохыг нарийвчлан харж болохоор байгаа. Учир нь АТГ-ын ХОМ дэлгэрэнгүй авдаг болсон бөгөөд цалингаасаа давсан орлоготой байгаа нь койноор хөрөнгөжсөн үү эсвэл өөр эх сурвалжаас хөрөнгөжсөн үү гэдгээ заавал тайлагнадаг болсон.
-Бойжуулагч нараасаа түрээсийн төлбөр авдаг гэв үү-
Эх сурвалжийн мэдээллээр, Налайх дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв нь бойжуулагч нараасаа түрээс авч байрлуулдаг аж. Уг нь Төрийн дэмжлэгээр 21 аймаг, 9 дүүргийн ЖДҮҮДТ нь үндэсний үйлдвэрлэгч, бойжигч нараа тодорхой хугацаанд ямар нэг түрээсийн дарамтгүй, түрээсийн төлбөр мөнгө авахгүйгээр бойжуулдаг байх ёстой. Тухайн бойжигч нар энэ хугацаанд үйлдвэрлэл, үйлчилгээгээ хөл дээрээ босон, дараагийн хүндээ боломж олгодог журамтай. Тийм ч учраас тус төвийн үйл ажиллагааг Төрөөс дэмжин, 2025 онд 600 гаруй сая төгрөг төсөвлөсөн байгааг баримтаар бид үзүүлж байна.
Гэвч Налайх дүүргийн ЖДҮҮДТ-ийн үйл ажиллагаа дүрэм журмаараа явдаггүй бололтой. Тэр бүү хэл, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой байтал, зурагт радио, видео приставок засдаг засварын газар хүртэл өөрсдийн байрандаа оруулан ажиллуулж ашиг орлого олсоор байна.
А.Баярмаа