ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД
Улаанбаатар хот 2026.05.01
Мэдээлэл гаргах нь
Үндэслэл: УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан Үндсэн хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргуулах тухай.
1. Б. Дэлгэрсайхан нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын засгийн газрын 2022 оны 104 дүгээр тогтоолоор “Зүүнбаян-Ханги” чиглэлийн шинэ төмөр замыг бүтээн байгуулахаар, өөрийн компанийг төлөөлөн өөрийн хамаарал бүхий Монголиэн Транслайн ХХК-аар дамжуулан арилжааны хэлцэлд оролцож, нэр бүхий иргэнээс зээл авах ажлыг зохион байгуулж хэлцэл хийн, улмаар өөрөө уг иргэнээс авсан зээлд батлан даалт гарган шийдэж байсан байна. Энэ үйлдэл нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг зөрчиж, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах үйлдэл мөн. Түүнтэй хэлцэл хийж байсан, түүнд зээл өгч байсан нэр бүхий иргэн Цэцэд гэрчийн мэдүүлэг өгөх, нотлох баримтыг гаргаж өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн болно. Энэ нь Үндсэн хуулийн Цэцийн 1994 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр тогтоосон жишигтэй ижил агуулгатай үйл явдал болжээ.
2. Б. Дэлгэрсайхан нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр УИХ-аар баталсан “Харбины гэрээ” буюу Монгол, Хятадын хоорондын нүүрсний худалдаа, төмөр замын тээвэрлэлттэй холбоотой хэлэлцээрийг УИХ-ын нэр бүхий гишүүд уг гэрээг ил болгох талаар санаачилга гарган УИХ-аар хэлэлцүүлэх явцад 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр УИХ-ыг болон иргэдийг илт худал мэдээллээр ханган “Сонсгол хийх шийдвэр гаргавал хилээ хаана, нүүрсийг чинь авахгүй” гэж Хятадууд хэлдэг гэж мэдэгдсэн. Гэтэл үүний маргааш БНХАУ-ын байр суурийг асуусан твиттерт Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай мэдэгдэж, тийм байр суурийг Хятадын тал мэдэгдээгүй болохыг ойлгомжтойгоор дурдсан байдаг. Мөн “Харбины гэрээ” гэх гэрээ бол “хоёр тал бие биедээ мэдэгдээд ил болгоход ямар нэг асуудалгүй гэрээ” гэж уг гэрээг хийхэд Ерөнхий сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Newspress сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Холбоос (https://www.facebook.com/watch/?v=968934059412879)
УИХ-ын гишүүн, тэр дундаа Зам тээврийн сайд хүн ард түмний төлөөллийн дээд байгууллагыг худал мэдээллээр хангаж, Хятад хилээ хаана гэж сүрдүүлсэн мэтээр ярьсан нь байж болшгүй үйлдэл юм. Түүний ярилцлагад хамтрагч талаа “мангас” зэргээр цоллосон нь хоёр улсын найрамдалт харилцааг хөгжүүлэх, зах зээлийн идэвхтэй түншлэгч байхаар зорьж ирсэн олон арван жилийн дипломат харилцаа, Монгол Улсын язгуур эрх ашигт хортой нөлөөтэй гэж үзэж байна. Иймд Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэдгийг зөрчин, ард түмний эрхэнд худал мэдээлэл өгөн халдаж, УИХ-ын шийдвэрт нөлөөлөхүйц худал мэдээлэл өгч, УИХ-ын гишүүн, сайд хүний хийж болохгүй үйлдлийг Б. Дэлгэрсайхан гаргажээ. Улмаар Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна”, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8-д заасан Засгийн газрын “төрийн гадаад бодлого хэрэгжүүлэх”-д сөргөөр нөлөөлсөн байна гэж үзэж байна.
Иймд Б. Дэлгэрсайхан нь УИХ-ын гишүүнийхээ хувьд болон Засгийн газрын гишүүнийхээ хувьд Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгөхийг хүсье.
Нэг дэх үндэслэлд заасан гэрчийн аюулгүй байдлыг хангах үүднээс Цэц нотлох баримтаар хавсаргасан баримт бичгийг олон нийтэд гаргахгүй байхыг хүсье.
Нотлох баримтаар …. нүүр хавсаргав.
Мэдээлэл гаргагч: Болдбаатарын Гүнбилэг
Гарчиг

