Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) нь дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахих, улс орнуудын найрсаг харилцааг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилготой засгийн газар хоорондын хамгийн том байгууллага юм. Нэгдсэн Үндэстний Байгууллагад 2026 оны байдлаар дэлхийн 193 тусгаар улс гишүүн болоод байна. Монгол улс НҮБ-д элсээд 65 жилийн нүүр үзэж байна.

Монгол улс НҮБ-ын гишүүн тул НҮБ-ын Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг буюу UPR (Universal Periodic Review) нь гишүүн 193 улсын хүний эрхийн нөхцөл байдлыг 4.5 жил тутамд нэг удаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөр дүгнэн хэлэлцдэг механизмд оролцдог. Улмаар гишүүн орнуудад зөвлөмж өгдөн бөгөөд Монгол улсад гүтгэх, доромжлох, худал мэдээлэл тараах үйлдлийг эрүүгийн хуулиасаа хасах зөвлөмжийг өгсөөр ирсэн.
Өөрөөр хэлбэл, НҮБ-аас гишүүн орнууддаа гүтгэх, доромжлох үйлдлийг Эрүүгийн хуулиас хасаж, иргэний журмаар шийдвэрлэхийг удаа дараа зөвлөдөг. Учир нь гүтгэлгийг эрүүгийн хэрэг гэж үзэх нь хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж, сэтгүүлчдийг айлгах хэрэгсэл болдог гэж үздэг. НҮБ-ын Хүний эрхийн хорооны тайлбарт гүтгэлгийн хэрэгт хорих ял оноох нь хэзээ ч зохистой шийтгэл биш гэж заасан байдаг.
Эхний зөвлөмжийн дараа Эрүүгийн хуулиас хассан. Тодруулбал, Монгол Улс НҮБ-ын зөвлөмжийн дагуу 2017 онд гүтгэлгийг Эрүүгийн хуулиас хассан боловч Зөрчлийн тухай хуульд оруулсан нь шүүмжлэл дагуулсаар байсан бөгөөд Эрүүгийн хуулийн 13.14.1-д “Худал мэдээлэл” хэмээн оруулж ирсэн түүхтэй. Үүнийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг дүгнэх (UPR) явцад Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу “Худал мэдээлэл тараах” заалтыг хүчингүй болгох, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарласан зохицуулалтыг халах зөвлөмжийг дахин өгсөн. Тиймээс судлаач, хуульч, сэтгүүлчид Үндсэн хуулийн цэцэд хандаж, улмаар 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг Үндсэн хуульд заасан үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг зөрчсөн гэж үзэж, уг заалтыг түдгэлзүүлсэн юм. УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн авч, холбогдох тогтоол баталснаар Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл 2026 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс албан ёсоор хүчингүй болсон.
Гэвч үүнээс хойш удалгүй хууль санаачлагчид Эрүүгийн хуульд “14.10 гүтгэх” гэх шинэ заалт оруулж ирэхээр ажиллаж байна. Уг заалтад:
“14.10 дугаар зүйл.Гүтгэх
1.Хүний нэр төр, алдар хүндэд халдаж худал, хуурамч мэдээллийг мэдсээр байж, эсхүл зориуд бэлтгэж олон нийтэд тараасны улмаас тухайн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол, хор уршиг учирсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.өөртөө, эсхүл бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
2.2.хиймэл оюун ухаанд суурилсан технологийн аргаар хүний дүр төрх, дуу хоолойны өнгө, үйл хөдлөл, эсхүл бодит нөхцөл байдлыг бүрэн, эсхүл хэсэгчлэн дуурайлгах, өөрчлөх, хувиргах, шинээр бүтээх замаар хуурамч зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг ашиглаж;
2.3.захиалгаар гүйцэтгэж;
2.4.бүлэглэж;
2.5.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол, хор уршиг учруулж үйлдсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг нэг жилээс хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэнэ.”
Өөрөөр хэлбэл, өмнө нь НҮБ-ын зөвлөмжийн дагуу Эрүүгийн хуулиас хасагдсан гүтгэлэгтэй төстэй зохицуулалтыг өөр хэлбэрээр дахин сэргээх оролдлого гэж үзэхээр байна.
Уг заалт нь олон нийтэд эрсдэлтэй болохыг хуульч Л.Галбаатар:
“… А.Сэтгүүлчийн нэр хүнд өсөх, олон хандалт (reach) авах, эсхүл улс төрийн дэмжлэг авах зэргийг “эдийн бус ашиг” гэж үзэн яллах эрсдэлтэй. Энэ нь хууль тодорхой байх зарчмыг алдагдуулж байна.
Б. Албан тушаалтны тайлбар хийх “давуу эрх” (Тайлбар хэсэг) Төслийн төгсгөлд заасан “нийтийн албан тушаалтан … үндэслэл бүхий тайлбарыг хийсээр байтал … удаа дараа тараасан бол” гэмт хэрэгт тооцох заалт нь аюултай. Эрсдэл: Албан тушаалтан өөрийн тайлбарыг “үндэслэл бүхий” гэж үзээд, түүнийг нь эсэргүүцсэн сэтгүүлчийг “зориуд гүтгэсэн” гэж яллах гол хэрэгсэл болох магадлалтай. Энэ нь шүүмжлэгчийг “амыг таглах” (SLAPP) эрсдэлийг дахин амилуулж байна.” хэмээн дүгнэсэн байна.
Тиймээс НҮБ-ын зөвлөмжийг зөрчих үү? Үг хэлэх үзэ бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангах уу гэдгээ хууль сахиулагчид эргэж бодох цаг ирээд байна.
А.Баярмаа

