Дуучин Д.Отгонжаргал цахим хуудсаараа дамжуулан улс орны өмнө тулгамдсан асуудлууд болон авлига, хээл хахуулийн хэргүүдэд иргэдийн анхаарлыг хандуулахыг уриаллаа.
Тэрбээр “Нүүрсний хулгай”, “Ногоон автобус”, “Хөгжлийн банк” зэрэг олны анхаарал татсан хэргүүдийг мартаж болохгүйг онцолж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох шаардлагатай гэж байр сууриа илэрхийлжээ.
Мөн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, инфляц өсөж буйг дурдаад аж ахуйн нэгжүүдийн цахилгааны тарифыг дахин нэмэх асуудал яригдаж байгаад шүүмжлэлтэй хандав. Түүний үзэж буйгаар иргэд нийгмийн анхаарлыг бусдын хувийн асуудалд бус, улс орны хөгжил, төсвийн үр ашиг, авлигын эсрэг тэмцэл зэрэг чухал асуудалд төвлөрүүлэх хэрэгтэй аж.
Тэрээр “Улс орныг хохироосон авлига, хулгайн хэргүүдэд анхаарч, хариуцлага нэхэх ёстой” хэмээн уриалсан байна.

