МУГЖ С.Жавхлан Сүхбаатарын талбайд суулт зарлаад тав хонож буй. Түүнийг Засгийн газраас дөрвөн тэрбум төгрөг нэхэмжилсэн талаар иргэн О.Отгонтөгс мэдэгдсэн билээ.

Тэрбээр “МУГЖ С.Жавхлан, Сангийн сайд Б.Жавхлангаас дөрвөн тэрбум төгрөг өг. Би Монгол туургатны тоглолт хиймээр байна” хэмээн нэхсэн талаар төрийн албаныхан ярьж байна. Үүнийг яагаад гадуур ярихгүй байна вэ. С.Жавхлан Загийн газрыг огцруулах акц хийнэ гээд залуучууд нэгдэж, лоббины золиос болж, хохироод байна шүү дээ. Мөнгө нэхсэн талаар Сангийн сайдаас асуугаад үз. Би худлаа мэдээлэл өгсөн байвал хуулийн хариуцлагаа хүлээнэ” гэсэн юм.
Уг асуудалд сошиалд од гэгддэг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөрийн цахим хуудаснаа үзэл бодлоо илэрхийлж, “Дуучин С.Жавхлан гурван жилийн өмнө бас 4 тэрбумыг МАН-аас авсан” хэмээн онцолжээ.
Тэгвэл уг мэдэгдэлтэй холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан “Төсвийн хэлэлцүүлэг хийж байх хооронд сошиал дээр ийм мэдээлэл гарсныг харлаа. Ер нь бол тийм уулзалт болсон. Өнгөрсөн дөрвөн жил С.Жавхлантай тохой залгаж, нэг танхимд сууж байсны хувьд уулзаж, ярилцах зүйл бий. “Ковид-19”-ийн цар тахлын хүнд үед урлаг, аялал жуулчлалын салбарынхан маш хүнд цохилтод орсон.
Энэ хүрээнд уулзалт болж, С.Жавхлан энэ асуудлыг тавьсан. Төслийн хүрээнд 21 аймаг, сумдаар тойрч, нийтдээ дөрөв орчим тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай байгаа учраас Засгийн газраас хамтарч, оролцооч гэсэн зүйл ярьсан.
Мэдээж төсөв, санхүүгийн нөхцөлөө харсан ч ийм зүйлийг дэмжих боломжгүй. Түүн дээр бухимдсан тал бий. Тэгээд ийм зүйл хийнэ гэж хэлж байсан” гэлээ.

