Их зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Тамгагүй төр” жүжгийг найруулагч Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулсан. Улсын драмын эрдмийн театрт тоглоод даруй сар орчмын нүүр үзэж буй. Тэгвэл тус жүжгийг орчуулагч Э.Содонтогос Англи хэл дээр хөрвүүлэн, гадны үзэгчдэд сонирхуулахад бэлэн болгосон байна. Энэ тухайгаа орчуулагч Э.Содонтогос өөрийн цахим хуудаснаа “Агуу зохиолчийн бүтээлийг орчуулж дууслаа. Өчигдөр орой зэрэгцээ орчуулгаар гадны зочдод өргөн барив. Гадны хүн битгий хэл монгол хүний чихэнд нэн хурц, тод, гайхшрам, бишрэм, уяран хайлам, заримдаа цочирдон зэвүүцмээр үгийг англи хэлнээ буулгах хэцүү байлаа. Гэхдээ зүрх зориг гарган орчуулсандаа, монголоо дэлхийд таниулах үйлсэд хувь нэмэр оруулсандаа баяртай байна.
Жүжигчид, бүжигчдийн авъяас, хөдөлмөрийг биширлээ. Тайзын арын албаныхан ямар их сэтгэл зүтгэл гаргаж бүтээл босдогийг харлаа. ”Тамгагүй төр” жүжгийн бүх уран бүтээлчиддээ баяр хүргэж, бас чин сэтгэлээсээ талархаж байна” хэмээн бичжээ.