1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Москвагийн цагаар өглөө үүрээр Гитлерийн Герман ЗХУ-д зарлаагүй дайн эхлүүлж, гэнэт халдан довтолсноор Зөвлөлтийн болон дэлхийн хүн төрөлхтний түүхэнд том гамшиг авчирсан билээ.
Уг дайныг эхэлсэнтэй холбогдуулан 1941 оны 6-р сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод болсон Зөвлөлтийн иргэдийн цуглаан дээр Маршал Х.Чойбалсан үг хэлж, Зөвлөлтийн ард түмэнд бүхий л талаараа тусалж дэмжихээ илэрхийлсэн.
Үүгээрээ 1936 онд Монгол Орос хоёр улсын хооронд байгуулсан харилцан туслалцах гэрээнийхээ үүргийг биелүүлжээ.
Монголын ард түмэн дайн эхэлсэн өдрөөс эхлэн ЗХУ-ын Улаан армид туслах ажлыг эрчимтэй өрнүүлж, төр засгаас жирийн ард түмэн хүртэл зохион байгуулан явуулж байв.
Ерөнхий сайд, Улсын маршал нөхөр Чойбалсангаас илтгэсэн сонсгол мэдээг сонсоод НТХ, Улсын Бага Хурал, Ардын СнЗ-ийн хамтарсан хурлаас гаргасан тогтоолыг хөрвүүлэн толилуулж байна:
Монгол Ардын Хувьсгалт намын Төв Хороо ба Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага хурлын тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн хамтарсан 31/40/30 дугаар хурлуудын тогтоол
1931.06.22
Намын Төв Хорооны ба Улсын Бага хурлын тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн хамтарсан хурлаас тэмдэглэх нь:
Герман нь Зөвлөлийн Засагт Холбоот улс лугаа үүний урьд байгуулсан эв найрамдлын гэрээ ёсоор өөрийн биед батлан хүлээн авсан баталгаануудыг олон улсын хоорондын харилцааны түүхэнд урьд сонсогдож үзэгдээгүй жигшүүртэйгээр эвдсэн байна.
Германы фашизм нь ямар чшалтгаангүйгээр үнэнч ёсыг эвдэж, нийгэм журамт Холбоот улсын зарим хот, суурингуудыг бөмбөгдөж, манай агуу их үнэнч хань нөхөр Зөвлөлийн Засагт Холбоот улсад байлдааныг зарлажээ.
Ийнхүү Германы фашизм бүх дэлхийн хөдөлмөрчин олны эх орон болох бөгөөд дарлагдсан ба мөлжигдсөн улсуудын жинхэнэ эрх чөлөөг олгох замыг гэрэлтүүлэн үзүүлэгч Зөвлөлийн Засагт нийгэм журамт Холбоот улсад халдан довтолсноор тэргүүний хүн төрөлхтөнд эсэргүүцлийг гаргажээ.
Манай эрх чөлөөт тусгаар тогтносон орны бүх ард иргэннь Зөвлөлийн Засагт Холбоот улс лугаа ах дүүгийн эвдэршгүй цусан барилдлагатай болох учраас энэхүү Германы фашист нарын зүгээс урвасан хулгайн үйлсийг үзүүлсэн явдлыг туйлын жигшүүртэйд үзэх ба түүний хариуд Холбоот улс лугаа эв найрамдлыг улам гүнзгийрүүлэхийн дээр мөнөөхөн 1936 оны 3 сарын 12-ны өдөр Монгол ба СССР хоёр улсын хооронд байгуулагдсан харилцан туслалцах гэрээ ёсоор өөртөө хүлээн авсан баталгаануудыг чин үнэнч ёсоор баримтлана.
Германы фашизмын халдан өдүүлсэн байлдааныг СССР улсаас бут цохин ялж дийлэх явдалд зохих тусламжийг үзүүлэх ба Зөвлөлтийн ард түмэн лүгээ эв найрамдлаа улмаар бататгах явдлыг Зөвлөлт Холбоот улсын ард түмэн ба бүх дэлхийн хөдөлмөрчин ард түмний өмнө Монгол Ардын Хувьсгалт намын Төв Хороо ба Засгийн газраас батлан илэрхийлнэ.
Манай Монголын ард түмний дур сэтгэл нь бүрнээ нийгэм журамт Зөвлөлт Холбоот улсын талд байна. Түүнчлэн бид нар Зөвлөлтийн ард түмэн лүгээ зэрэгцэн жагсаж, гар гараасаа барилцан эрх чөлөө ба тусгаар тогтносон байдал хийгээд агуу их нийгэм журмын Октябрийн хувьсгалын ололтуудыг арчлан хамгаална хэмээн Зөвлөлт Холбоот улсын засгийн газар ба манай агуу их багш нөхөр Сталины өмнө Монгол Ардын Хувьсгалт намын Төв Хороо ба Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газраас батлан илэрхийлнэ.
Өөрийн хувьсгалт нам засгаа улам нягтаар хүрээлж, бүх ажиллагааг улам сайжруулах ба ялангуяа ноос, үсийг цугларуулах ба худалдан авах төлөвлөгөөгөө гүйцэтгэх явдлыг амжилттайгаар биелүүлэх болон үйлдвэрийн бүтээлийг өндөр болгож тус орны аж ахуй ба батлан хамгаалах хэргийг хөгжүүлэх явдалд тус улсын хөдөлмөрчин, малчин, ажилчин албан хаагчид, оюутан нарыг Монгол Ардын Хувьсгалт намын Төв Хороо ба Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газраас уриална.
Намын Төв Хорооны Тэргүүлэгч гишүүн бөгөөд Улсын Бага хурлын дарга Бумцэнд
Намын Төв Хорооны Тэргүүлэгч гишүүн бөгөөд Ардын Сайд нарын Зөвлөлийн ерөнхий сайд, улсын маршал, өрлөг жанжин Чойбалсан
ҮТА, УТНОНББА, Х-4, Д-9, ХН-12, Х.68-70
УТНОНББА-ын Ахлах архивч Л.Алтанчимэг
Хуваалцах: