Тавдугаар сарын 1-нээс иргэдэд тоон гарын үсгийг олгож эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 80,100 орчим иргэн тоон гарын үсэг авчээ.
Мөн E-Mongolia платформ дээр суурилсан Үндэсний цахим шууданг хийж байгаа бөгөөд долдугаар сарын нэгнээс тоон гарын үсэг авсан иргэн бүрт төрийн байгууллагатай шууд харьцах боломжтой үндэсний цахим шуудан (e-mail) нээгдэх аж.
Энэ тухай Цахим хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ мэдээлэл өгөхдөө “Долдугаар сарын 1-нээс тоон гарын үсэг авах болгонд тухайн иргэнд үндэсний цахим шуудан нээгдэнэ. Үндэсний цахим шуудан нь E-Mongolia платформ дээр суурилж хийгдэж байгаа. Энэхүү шуудан нь иргэдийг төрийн байгууллагатай шууд харьцах боломжоор хангана.
Иргэд төрийн байгууллагад хандахдаа заавал өргөдөл бичих, эсвэл биеэр очих, 11-11 төв рүү утасддаг байсан бол одоо и-мэйлээрээ дамжуулан шууд төрийн байгууллагатай харьцах боломжтой.
Энэ нь эргээд санал хүсэлт гомдлынхоо хариуг цахимаар авах боломж үүсэж байгаа.
Европын улсууд төртэйгөө харьцдаг үндэсний и-мэйлүүдийн маш амжилттай жишээ байна.
Нөгөө талаар иргэд гаднын платформ, и-мэйлүүдийг ашиглаж байгаа нь бага учраас үндэсний и-мэйл ашигласнаар тоон бичиг үсгийн чадвар, цахим боловсрол дээр хувь нэмэр оруулах байх гэсэн хүлээлттэй байна” хэмээсэн билээ.

