Хошин урлагийнхан өчигдөр МУСТА Ц.Ганбаярын гэгээн дурсгалд зориулж ХСҮТ-д хавдрыг эрт илрүүлэгч 260 сая төгрөгийн аппарат хандивласан билээ.
Тэдний хандивласан тус аппарат хорт хавдрыг эрт илрүүлэгч гэдгээрээ онцлогтой бөгөөд улсын хэмжээнд ердөө хоёр дахь нь гэдгийг зарласан. Хэдэн зууны түүхтэй, гуравхан сая хүн амтай, хэдэн арван их наядаар хэмжигдэх хөрөнгөтэй тусгаар тогтносон улс байж хорт хавдрын эрт илрүүлгийн хоёрхон аппараттай гэхээр гайхмаар.
Сайд дарга нар нь хэдэн зуун саяын үнэтэй автомашин унаж, хэдэн тэрбумын өртөг зардалтай орон сууц, тансаг хауст амьдардаг. Зарим нь өнгөрсөн хоёр жилийн хөл хорионы үеэр эрүүл мэндийн салбарыг ашиглан хөлжиж, хэдэн үеэрээ идэх хөрөнгөтэй болсныг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэдэж буй биз ээ.
Өнөөдөр манай улс хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлж буй. Хавдар судлалын статистик мэдээллээс харвал жилдээ 6000 орчим хүн шинээр хавдраар оношлогдож байна. Тэднээс эдгэрдэг нь цөөн. Улсын хэмжээн дэх ганц хавдар судлалын үндэсний төв, дээр нь даатгалын системээс шалтгаалаад хавдартай өвчтөнүүд бүгд Хавдар судлалын үндэсний төвөөр үйлчлүүлэх шаардлагатай болдог. Түүнтэй холбоотой бүх л оношилгоо эмчилгээний асуудлууд ихэвчлэн Хавдар судлалын үндэсний төв эмнэлэг дээр явагддаг учраас ачаалал өндөр байна. Өргөтгөлийн барилга ньташиглалтад орсноороо ачаалал буурсан ч дахиад хагалгаанд орох хүмүүсийн дараалал, амбулаториор үзүүлэх иргэд 20-30 хоног хүлээлгийн оочертой байна.
Насны хувьд ихэнхи нь 45-65 насныхан байдаг. Гэхдээ 45 хүртэлх насныхан маань хорт хавдраар өвдөхгүй байна уу гэвэл ялгаагүй өвдөж байна. Сүүлийн жилүүдэд хорт хавдрын оношлогдох байдал залуужиж байгааг мэргэжлийн эмч нар шогшорч буй.
Хүмүүсийн дунд хамгийн их тохиолдож байгаа хорт хавдрын төрлийг харвал элэг, ходоод, уушги, улаан хоолойн хавдар, умайн хүзүүний, хөхний хавдар гэх мэт хавдрууд тэргүүлж байна. Гэтэл энэхүү хавдруудыг үүсгэдэг шалтгаанууд нь судлагдсан, тодорхой байдаг. Ард иргэд үүсгэж байгаа шалтгаануудаас зайсхийж, хэрвээ хорт хавдар үүсэх шалтгаан болж байгаа хүчин зүйлсүүд өөрт нь байна гэж үзвэл түүнийгээ эмчлүүлэх, эрт урьдчилан сэргийлэх нь чухал байна.
Иргэдийнх нь эрүүл мэнд асуудалдтай, эрт илрүүлгийн аппаратгүй байж улс, аймгийн ойн баяр, найр наадмыг хийж наргиж цэнгэхээ урьтал болгохоо болимоор байна.