Одоогоос 10 гаруй жилийн өмнө “Хэцүү анги” киноны Зулаагийн дүрээр анхлан үзэгчдийн танил болж байсан Аримун продакшны жүжигчин А.Ганчимэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1990 оны долоодугаар сарын 25-нд мэндэлжээ.
УДБЭТ-ын тайзнаа Гамлетын хайртай бүсгүй Офелияд хувилж, Хүннү гүрний Модун хааны Шива хатныг амилуулсан. Мөн “Атган үлдсэн эрдэнэ” УСК-д эр хонгор дуутай шавилхан биетэй цовоо хүү Тайвнаагийн дүрийг чадварлаг бүтээсэн нь олны хайр хүндэтгэлийг хүлээсэн юм.
Хамгийн сүүлд эмэгтэй хүний сэтгэлийн чанадад орших хүчийг харуулсан Анхилууны дүрээр /Халуун зүрх УСК/ үзэгчдийн халуун зүрхэнд итгэлийн оч асаасан А.Ганчимэг тайз дэлгэцийн 40 гаруй дүр дээр ажиллажээ. Үүнээс гадна “Зүрхээр наадагч”, “Халуун Зүрх”, “Миний нууц” зэрэг кино зохиол бичсэн билээ.