Өвөрхангай аймгаас төрсөн улс аймгийн цолтой, уран мэхтэй бөхчүүд цөөнгүй. Тэдний нэг болох Монгол Улсын начин Самдангийн Сосорбарам гуай маргааш /07 сарын 26/ албан ёсоор зодог тайлж, өөрийн отгон зээ хүү Түвшинжаргалд зодог шуудгаа өвлүүлэх ёслолыг үйлдэнэ.
Улсын начин Самдангийн Сосорбарам гуайн хувьд Өвөрхангайн аймгийн Тарагт сумын нутагт 1946 онд төрж, 12 настайгаасаа үндэсний бөхөөр сонирхон барилдаж эхэлжээ. Улмаар идэр насандаа эгэл жирийн хөдөөгийн залуусын адилаар морь малтай ноцолдож, намартаа уулнаас мод чулуу бэлдэн улс нийгмийн ажилд гар бие оролцон бие бялдартаа тамир тэнхээ суулган явсан гэдэг.
20-н насандаа эр цэргийн албанд татагдаж, 1969 онд бүх цэргийн армийн аварга шалгаруулах тэмцээнээс Цэргийн арслан цолыг хүртэж, 1971 онд буюу Ардын хувьсгалын 50 жилийн ойн баяраар Өвөрхангай аймгийн наадамд зодоглон түрүүлж, Аймгийн арслан цолтой болж байжээ.
Түүнийг нутгийн олон нь “Улаан өмдөт” хэмээн хочилдог байв. Учир нь хүүхэд байхдаа улаан өмдтэй энд тэнд зодоглож явсан нь хожим нь ийнхүү олноос онцгойрох тодотгол нь болсон нь лавтай.
С.Сосорбарам 1982 онд Ардын хувьсгалын 61 жилийн баяр наадамд өөрийн амьдаа болох Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Улсын арслан Л.Сосорбарамаар тав давж УЛСЫН НАЧИН цолыг хүртэж байжээ. Тэрбээр барилдах үедээ алдарт Авзага хайрхнаа шүтэж барилддаг байснаа сүүлд дурссан байдаг.
Өдгөө 76 насандаа албан ёсоор зодог тайлж ийнхүү үр хойчдоо өөрийн өвийг уламжлуулж буй эрхэм Улсын начин С.Сосорбарам гуайн хувьд Өвөрхангай аймгийнхаа баяр наадамд хамгийн олон төрүүлсэн бөх ажээ. Түүний амжилтыг эвдсэн бөх одоогоор тус аймагт олноос онцгойрч, тодрон гарч ирээгүй байна.
Үеийн үед, удмын удамд нь С.Сосорбарамын бөхийн ухаан, тамир тэнхээ үл тасарч, мандан бадраг ээ.