Монгол Улсын гавьяат жүжигчин, киноны дуу оруулагч Н.Нэргүйбаатарыг танихгүй хүн ховор. Бүхий л амь, амьдралаа кино урлагт зориулж яваа тэрбээр сахал тавьж, гадаад төрхөө өөрчилснийг манай папараци дуран онцолж байна.
Тэрээр 1978-1980 онд Монгол кино үйлдвэрийн дэргэдэх жүжигчин бэлтгэх курс төгсөж, 1980-1993 онд Монгол кино үйлдвэрт жүжигчин, 1993 оноос Монголын үндэсний телевизэд орчуулгын киноны жүжигчнээр олон жил ажилласан. Н.Нэргүйбаатар гавьяат “Бид мартахгүй” киноны Жав, “Илүү сартай зун” киноны Дагва зэрэг дүрээр үзэгч олонд танигдсан ч дуу хоолой нь ард түмэнд илүү таниулсан хэмээн өөрөө ярьдаг юм.
Ховд аймгийн Буянт сумын уугуул тэрбээр багадаа хэл муутай хүүхэд байжээ.
Энэ тухайгаа “Яг хэлд ордог насан дээрээ “үү, аа” гэхээс өөр юмгүй явсаар таван нас хүрсэн. Тэгээд “Насанбаярын ганц хүү хэлгүй төрж” гээд л ярьцгаасан байгаа юм. Харин нэг удаа манайх хөдөө ганц гэрээрээ, нэг тэмээ аргамжчихсан, тэр нь гадсаа тойроод л байж. Гэрийн хаяанд сууж байсан өнөө хэлгүй чинь гэнэтхэн л “Тэмээ алдуураад явчихлаа” гэж орилж дээ. Ээж тэгэхэд их гайхсан гэж байгаа. Манайд хүн ирж байгаа юм болов уу гэж хүртэл бодоод гараад ирсэн чинь өнөөх чинь “Тэмээ алдуураад явчихлаа” гээд хашгирч байсан юм гэнэ лээ. Ингэж л би хожуу хэлд орсон юм. Жаахан гацаа л байсан шиг байгаа юм. Тэр тэмээг битгий алдуураасай л гэж тэр үед дотроо их бодсон байх. Ингэж л өөрийнхөө бүх насаараа хоол олж идэж байгаа дуу хоолой минь гарч, хэлд орсон юм” гэж хэвлэлд ярьж байжээ.