Их зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Тамгагүй төр” жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавихдаа Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулсан. Энүүгээрээ өөрийн нэр төр, үнэ цэнээ бататгасан тэрбээр өдгөө гэр бүлийн хамт Их Британи улсад аялж бас ажиллаж яваа. Ажиллаж гэдэг нь тэрбээр тус улсын томоохон театрт “Тамгагүй төр” жүжгээ англи хэл дээр гаргахаар зэхэж буй гэнэ лээ.
Өөрийн бяцхан хүүгээс гадна, анхны эхнэр Ч.Ундралаас төрсөн Хабул хүүгээ дагуулан алс холын Англи улсад очсон найруулагч маань Их Британийн хамгийн алдартай музей гэгддэг Виктория ба Альберт музейг үзсэн тухайгаа цахим хуудаснаа онцолжээ.
Энэ музей нь 1852 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн хамгийн баян соёлуудаас 5000 гаруй жилийн түүхтэй эд зүйлсийг эзэмшдэг. Мөн 1500-аас 1900 оны Их Британийн урлаг, дизайны өргөн хүрээг хамарсан цуглуулга байдаг гэдгээрээ алдартай.