Парламентийн танхимд бага насны хүүхэдтэй эмэгтэй гишүүдийн нэг бол П.Анужин. Өдгөө дөрвөн хүүхдийн ээж болсон түүний хоёр бага хүү эхнээсээ дунд сургуулийн сурагч болжээ.
Том охид дээрээ 6 настнуудын асуудлыг анзаараагүй байсан тэрбээр энэ удаад дунд сургуулийн бага ангид элсэн орсон 6 настнуудыг боловсролын байдал, хичээлийн агуулгад ихээхэн санаа зовинож буйгаа илэрхийлсэн байна.
Тэрбээр энэ талаар “6 настан- сургуулийн маамаа нар
Ачааллаа дийлэхгүй, алингаа ч мэдэхгүй ганцхан 6 настан надад ийм амаргүй байхад анги дүүрэн 6 настантай багш бэрхээ! Анги танхимдаа хэт халууцаж эсвэл даарч, тэр бүртээ өөрийнхөө төлөө юу ч хийж мэдэхгүй энэ маамаа нар ханиад зэргээр ч их өвдөж байна. Хар багаас нь номтой болгох гэж байна гээд эрдмийн замаас халширдаг болгочихвий…
6 настан балчирдаад байна уу, 6 настнуудын хичээлийн агуулга тохирохгүй байна уу? Дөнгөж 6 хүрсэн 6 хүрээд хэдэн сар болсон хүүхдийн хооронд ч асар их зөрүү байна. Өглөө эрт нүд нь аниатай, унтаагаар нь хувцаслаж, бие нь ч сэрж амжаагүй байхад цүнхийг нь үүрүүлээд гаргахаар арай л жоохон санагдаад байна…
Гэрээсээ явахад ийн жоохондох зургаатангуудыг хөдөө орон нутаг, дотуур байранд төсөөлж үнэхээр чадахгүй нь ээ…
Боловсролын багц хуулийг хэлэлцэх үед бага ангийн хичээлийн агуулга, жин даацыг эргэн харж шинэчлэх ёстой” гэжээ.