Баянзүрх дүүргийн нутаг дахь нэгэн эзэнгүй хашааны барьсан байшингийн зоорьноос есдүгээр сарын 27-нд нэгэн эмэгтэйн цогцос олдсон юм.
Тухайн өдөр нэгэн иргэн уг мэдээллийг цагдаагийн 102 дугаарын утсанд өгснөөр НЦУГ-ын Шуурхай удирдлагын хэлтсийнхэн хэргийн газарт ажиллан 40 орчим насны эмэгтэй бусдад хорлогдон нас барсан болохыг тогтоож, эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн юм.
Улмаар тухайн хохирогч нь энэ оны наймдугаар сарын 13-нд сураггүй алга болсон хүмүүсийн бүртгэлд орсон Л гэх хүн болохыг биеийн ерөнхий хэлбэр, онцлог содон шинж тэмдгээр нь тогтоож, гэрчүүд ч таньсан аж.
Ингээд хүн амины онц ноцтой гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр НЦУГ-ын Мөрдөн шалгах газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийн алба хаагчид шуурхай ажилласнаар уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 22 настай Ч гэх залууг илрүүлэн мөрдөн байцаалтаа үргэлжлүүлж байна.
Хэргийн холбогдогч Ч нь мансууруулах бодис хэрэглэсэн үедээ амь хохирогчийг бэлгийн харьцаанд орсонгүй гэх шалтгаанаар зодож гэмтээгээд хүчирхийлэн, эцэст нь амийг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдсон аж.