Монголын охидын хамтлагийн анхдагчидын нэг болох “Эмоушн” хамтлагийг мэдэхгүй хүн ховор. АНУ-аас ирснээсээ хойш Sweetymotion нэрээр уран бүтээлээ туурвих болсон тэд сүүлийн жилүүдэд бүгд хувийн амьдралаа төвхнүүлж, уран бүтээлээс хөндийрөөд байсан юм.
Тэгвэл монголын рок попын ертөнцөд хамгийн удаан оршин тогтнож буй охидын хамтлаг гэгддэг тэд сүүлийн үед хамтлагаараа энд тэнд дуулах болсон байна. Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд тус хамтлагийн гишүүн Б.Ганболор хоёр ч хүүхдийн ээж болж, олны анхаарлын төвөөс холдсон байдаг. Харин хамтлагийн ахлагч Ц.Сарнай төрийн соёрхолт хөгжмийн зохиолч нөхрийнхөө элэгний донор болж, амьдралд тохиох өвчин зовлонг хамтдаа туулсан байдаг.
Хамтлагийн гишүүн Г.Сүндэрмаагийн хувьд ээж болсноосоо хойш фитнесээр хичээллэж, өөрийн гэсэн цогц фитнес дасгалын CD хүртэл гаргаад амжсан.
Сонирхуулахад, хамтлагийн гишүүд бүгд “Хөгжим Бүжгийн Коллеж”-ийг дүүргэсэн бөгөөд Г. Сүндэрмаа, Ц. Сарнай нар төгөлдөр хуурын анги төгсчээ. Харин Б.Ганболор хийл хөгжмийн ангийг төгссөн гэдэг.