Нэрээр минь овоглуулсан хонгор жаахан үр минь
Нэрмэл шиг асгартал уйлж бүү шанал
Нэг л өдөр жамаараа айлын болох тавилантай
Нүдний цөцгий шиг охин минь өвөр дээр минь эрхлэ
Амных нь салиа арилаагүй байхад
Атганд хөл чинь багтдаг байхад
Ангайхай шиг араас дагадаг байхад
Аав нь мөн ч жаргалтай байж дээ
Оройтож ирэхэд чинь зэмлэхдээ өр өмөрч
Орондоо ороод мэгшихэд чинь сэтгэл тавгүйрхэж
Олны үгийг үгүйсгэхдээ сайрхаж хэдэнтээ магтаж
Охин заяаг чинь хайрлахдаа өөрөөсөө хүртэл харамлах юм
Сүлжсэн хархан гэзэг чинь бүжгийн талбайд задрахад
Сар асгарсан шөнөөр аавынх нь нойр хулждаг юм шүү
Сүү амласан охин үрийн минь бараа нь алсраад удахад
Сүүдэр бараадаж аав нь өдөржин харуулдаж хүлээдэг юм шүү
За яахав ээ миний охин
Залуу насаараа гоё
Жаргал зовлонг ялгах цаг нь болохоор
Жамаараа чи минь намба суучихнаа
Бүүвэйн дуугаар хорвоог уяраах хөгжмийн нэгэн чавхдас нь болохоор
Бүсгүй заяаг олж мэндэлсэн охин тэнгэрийн сахиус нь болохоор
Бүхэл бүтэн амьдралыг түшилцэх тэнхлүүн сэтгэлтэй болохоор
Бүдэрч, алдах бүрийд чинь зэмлээд яахвээ аав нь
Үргэлж нялхаараа харагдах миний л жаахан охины
Үнэгчилж сэрээд мишээдэг төрх нь одоо ч хэвээрээ
Өвөр дээрээ суулгаад охиноо эрхлүүлэх сэтгэл минь
Үсэн буурал болсон ч одоо хир нь янзаараа
Б.Бядаа