Төрийн алба гэх нэрээр халхавч хийж дээд, дунд шатны байгууллагуудын удирдлагууд багагүй мөнгө, хангамж шамшигдуулдаг талаар хэн хүнгүй мэднэ. Тэгвэл яг үүн шиг, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа гэх хатагтай 1,4 тэрбумаар еэвэн, ул боов, 900 саяар гарын тос, нүүр цэвэрлэгч авах тендер зарласан нь өчигдөр олны өмнө ил болов.
Түүний хувьд энэ нь анх удаагаа төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулж буй хэрэг биш юм. Яг жилийн өмнө мөн л дүүргийнхээ Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийг төсвийн 10,8 сая төгрөгөөр шагнаж гайхшруулсан удаатай. Дүүргийнхээ шүүгийн 9 шүүгчийг шагнаж урамшуулсан түүнийг тухайн үед хэн ч зэмлэж буруутгаагүй. Учир нь тэрбээр тухайн захирамждаа“ шүүхийн хараат бус үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор” гэж тэмдэглэсэн байжээ.
Өдгөө олны өмнө түүний 1,4 тэрбум төгрөгөөр ул боов авахыг санаархсан Х.Болормаа хатагтайд хариуцлага тооцох эрх мэдэлтэн үгүй бололтой.
Уг асуудал сошиалд дэлгэгдэхтэй зэрэгцээд тус тендерийг цуцалж байгаа талаар Сүхбаатар дүүргийн удирдлагууд сошиалд “гөвөлцөөд” эхэлж. Ингэхдээ тэд 1,4 тэрбум төгрөгөөр ул боов авах санаа нь Засаг дарга Х.Болормааг ганцаараа шийдээгүй, дүүргийн ИТХ, төлөөлөгчдийн хамтын шийдвэр гэдгийг мөн дуулгаж эхлэх нь тэр.
Түүнчлэн, тэд тус өмөөрхөлөө Нийслэлийн 9 дүүрэгт байгаа ганц эмэгтэй Засаг дарга нь Х.Болормаа гэдгийг онцолжээ.
Тэд өөрсдийн “хулгай” шиг булхай нь ил гарахын цагт энхийн цагаан тагтаа болон хувирч буй дүр зургийг дээрх өмөөрхөлөөс нь харж болно. Ил гарсан “тэнэг” тендер нь энэ болохоос далд ямар үндэслэлээр хэдэн тэрбум төгрөгийг зүй бусаар зарцуулсныг хэн ч таашгүй.
Ямартаа ч, 1,4 тэрбум төгрөгөөр ул боов авахыг санаархсан Сүхбаатар дүүргийн удирдлагуудад хариуцлага тооцох эрх мэдэлтэн алга бололтой.