ШӨХТГ бол иргэд аж ахуйн нэгж хоёрын хооронд үүссэн маргаан, асуудлыг нааштайгаар шийдэж, хэн хэнд нь давуу эрх олгохгүйгээр асуудалд хяналт шалгалт хийх ёстой газар. Гэтэл өдгөө үүргээ умартан нэр бүхий байгууллагуудтайгаа эвлэрч, толгойг нь илж, иргэдийг хохирооход “нүд нь балай, чих нь дүлий” оршин тогтнодог бололтой гэх хардлагыг иргэдэд төрүүлээд байна.

Иргэн Б өнгөрсөн 12-р сарын 22-нд үслэг арьсан гутлаа цэвэрлүүлэхээр өгөөд багагүй хохирол амссан талаар бид өмнө нь мэдээллэсэн. Уг мэдээллийн дараагаар тус газраас гутлаа дахин засварлуулж оёулахаар болсон ч, өдгөө хаврын сар гарсан байхад Shoes love-ынхон гутал ч үгүй, юу ч үгүй таг чиг алга болсон талаар иргэн Б дахин бидэнд мэдээллээ.
Асуудлаа лавлаад очиход тус байгууллагын менежер нь загнаж, захирал нь “янцаглан”, хүлээн авалтын ажилтан нь гутлынх нь талаар хар цагаан дуугарахгүй угтах болжээ. Тус газрын зүгээс иргэнд “хорвоод байхгүй хосгүй материалаар гутлыг нь оёж байгаа тул хүлээ” гэх хариултыг өгсөөр өнөөг хүрээд байна. Түүнчлэн, өөр хэлбэр хийц бүхий гутал оронд нь авах уу гэх аятай үг унаган үйлчлүүдэгчээ тавласан сурагтай.
Энэ асуудлаар иргэн өнгөрсөн 1-р сард ШӨХТГ-т гомдол өргөдлөө өгсөн байна. Гэвч одоог хүртэл асуудлыг шийдэж өгөхгүй, хяналт хийхгүй байгаа гэнэ. Уг нь ажлын дүрэм журамдаа иргэний асуудлыг ажлын 10-14 хоног шийдэж өгөхөөр тусгасан байдаг ч, ШӨХТГ-ынхан Shoes love салонд давуу эрх олгодог бололтой.
Иргэн Б-гийн гутлын асуудлыг эргэн сануулахад, хоёрхон удаа өмссөн даашинз, жил хэртэй өмссөн куртик, амьтны үслэг арьсан гутал зэргээ тус салонд өгч, цэвэрлүүлэхээр Сансарын Емарт их дэлгүүрийн салбарт 2022 оны 12 сарын 22-нд өгчээ.
“Shoes love” салоны үйлчилгээний ажилтан тус хувцаснуудыг хүлээн авахдаа хамаг байдгаар нь “миалж” өнгө алдаагүй, уранхай цоорхойгүй куртикийг 50 хувийн элэгдэлтэй, хоёрхон удаа өмссөн даашинзыг 50-60 хувийн элэгдэлтэй, тавхан удаа өмссөн үслэг арьсан гутлыг үрчийсэн, шавар шавхайтай хэмээн дүгнэж, 40-50 хувийн элэгдэлтэй гэж үйлчлүүлэгчээс 138 мянган төгрөгийг үйлчилгээний хөлстөө авсан байна.
Тухайн үед “Shoes love”-ийн ажилтан үйлчлүүлэгчдээ даашинз, куртик, гутал нь 2022 оны 12-р сарынхаа 26-ны өдөр хими цэвэрлэгээнээс гаргах тухайгаа төлбөрийн баримтдаа онцолжээ. Ингэхдээ тэд хими цэвэрлэгээний дараагаар гутал, хувцаст ямар сөрөг өөрчлөлт гарах талаар огт хэлээгүй байна.
Гэтэл хувцас хими цэвэрлэгээнээс гарах өдрийн маргааш буюу 12-р сарын 27-нд тус салоны ажилтан гэх эмэгтэй залгаж, гутлыг цэвэрлээгүй талаараа хэлсэн бөгөөд ‘… арьс нь хатсан байна. Цэвэрлэх үү’ хэмээн асуусан аж. Үйлчлүүлэгч мэргэжлийн хамт олонд итгэж, цасанд норсон гэдгийг хэлсэн бөгөөд цэвэрлэчихээд мэдэгдэх болно гээд утсаа тасалсан аж.
Уг үйл явдлын дараагаар тус салоныхон таг чимээгүй байсаар он гаргасан бөгөөд үйлчлүүлэгч цэврэлэгээнд өгсөн гутал, хувцсаа авахаар очиход гутал нь энд тэндээ урагдсан болохыг хэлсэн байна. Улмаар үйлчүүлэгч менежертэй нь хохирлоо барагдуулах талаар ярилцсан боловч ойлголцолд хүрээгүй аж. Өөрөөр хэлбэл менежер эмэгтэй нь “Хохь чинь” гэх нь холгүй аашилж, үйлчлүүлэгчтэй ёс бус харьцсан байна. Үйлчлүүлэгч бүсгүй арга буюу тус газрын захирал гэх эмэгтэйд асуудлаа тавихад гутлынх нь асуудлыг шийдэж өгнө гэж хэлээд дахин хугацаа авч, оёсон болоод өгчээ.
Ингэхдээ гутлын арьс үсийг нь хааш яаш болгоод, дутуу хайчилсан, оёдол нь маш чанаргүй болхи хийцтэй байсан бөгөөд өмсөх төдийд оёдол нь эхнээсээ задарч, урагдаж эхэлсэн түүхтэй.
Ямартаа ч, Хайртай бүхнээ хайрлая гэх уриатай Shoes love салоныхон үйлчлүүлэгчийнхээ цэвэрлүүлэх гэж өгсөн гутал, хувцсыг цэвэрлэх нь байтугай улам ихээр бохирдуулан, өмсөхийг аргагүй болгодог жишээ энэ юм.

