Номын зохиолч Б.Шүүдэрцэцэг Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэнг кино урлагийн ноён сүмбэр үүл хэмээн тодотгож, Хөдөлмөрийн баатар болсонд нь тусгайлан баяр хүргэжээ.
Тэрбээр “Кино урлагийн Сүмбэр уулд баяр хүргэе! Монголын кино урлагт “Хатанбаатар”, “Суварган цэнхэр уулс”, “Хүн чулууны нулимс”, “Амин мөр” зэрэг шедевр бүтээлүүдээр мөнхийн суваргаа босгосон УГЗ, АЖ Г.Жигжидсүрэн найруулагч бол энэ салбартаа Сүмбэр их оргил нь юм. “Ану хатан” киноны зөвлөхөөр ажилласан цагаас Жийгээ ахтай ойр дотно уран бүтээлийн садан болж явна. Жийгээ ахтайгаа уулзаж уран бүтээлч ном, кино ярилцах, Цэцгээ эгчийн гарын хоолоор дайлуулах дуртай. Жийгээ ах ноднин кино урлагаараа докторын зэрэг хамгаалсан. Үргэлж ном бичиж, илтгэл тавьж гадаадад уригдан авьяас тэтгэвэрт гардаггүйн гайхамшигт үлгэр болж яваад нь хайртай.
Өнөөдөр Монгол кино урлагийн ноён Сүмбэр оргил Жийгээ ах маань Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулжээ. Тандаа баяр хүргэе! Эрүүл энх, саруул сайхан явж олон сайхан бүтээл номоо туурвиарай! Эзнээ олсон шагнал юм даа. Бас энэ өндөр шагналын ард түүний хань, инженерээс кино урлагт “урваж”, бүхий л бүтээлд нь үнэнч хамтрагч болдог халамжит хань Д.Цэцэг эгчийн хөдөлмөр, халамж ач гавьяа оршиж байгаа гэж бахархаж сууна” гэжээ.