Нэг жилийн өмнө буюу 2022.06.23-ны өдөр Хан-Уул дүүрэгт Кинг тауэр хотхоны хашаанд баригдаж байсан барилга дээр ажиллаж байсан хоёр хүн гэмтэж нэг нь газар дээрээ өөд болж байв.
Энэ ослын дуудлага цагдаа болон онцгой байдлын албанд ирж, “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, шинээр баригдаж байгаа 2 давхар барилга дээр автокран унаж, 2 хүн дарагдаж нас барсан тухай дуудлагыг 06.22-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход 2 давхар барилга дээр ажиллаж байсан “ZLJ5419” загварын автокран унаж, ажилтан Х 36 настай эрэгтэй, Б /20 настай, эрэгтэй, нар дарагдаж нас барсан байсныг ажиллан цогцсыг гаргаж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.” гэж хоногийн мэдээнд орсон түүхтэй.
Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгасан. Улмаар хамтран ажилладаг буюу туслан гүйцэтгэгч байгууллагын захирал нь ганцаараа 2,7 сая төгрөгөөр торгуулаад өнгөрөв.
Уг нь барилгын захиалагч талаас, гүйцэтгэгч талаас тус тус хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан барилгын талбай дээр заавал байх ёстой. Тэр ч утгаараа барилга захиалсан, туслан гүйцэтгэгч гээд бөөндөө хариуцлага хүлээдэг дүрэм журам бий. Гэтэл хамт хариуцлага хүлээх ёстой С.Нямдаваа захиралтай “Эко констракшн” ХХК-ийнхан уснаас хуурай гарч, хариуцлагаас мултрав.
Уг хэрэг болохоос өмнө Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шаардлага хүргүүлсэн боловч тэд үл хайхарснаас ийнхүү осол болсон байдаг.
Өргүүртэй холбоотой шаардлага хэдхэн хоногийн өмнө хүргүүлсэн ч үл ойшоов
Хүний амь эрсэдсэн энэ осол гарахаас өмнө МХЕГ-аас “Эко констракшн” ХХК-ийн дээрх барилгын талбайд урьдчилан сэргийлэх шалгалт хийж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай албан шаардлага хүргүүлж байв.
2022 оны тавдугаар сарын 30-наар огноолсон 02-06-062/43 дугаартай уг шаардлагад “Эко констракнш”-ыхан хэд хэдэн зөрчил гаргасныг тодотгосон байх юм.
Тухайлбал, 380 вольтоор ажилладаг цахилгаан тоног төхөөрөмжүүдийг газардуулгагүйгээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашигласан, барилгын талбайд ажилчдын түр амрах байр байхгүй, галын хор, сарайны иж бүрдэл дутуу, “Кинг тауэр” хотхоны түр хашааны хойд тал нь эвдэрхий, хүн олноороо зорчдог газарт хамгаалалтын саравчгүй, хог хаягдлын цэвэрлэгээ хангалтгүй зэрэг зөрчил дутагдалтай байж.
Уг нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9.4-т “Цахилгааны тоног төхөөрөмж нь зураг төслийн дагуу угсрагдсан, газардуулга, газардуулгын даацын баталгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, цахилгаан ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагыг хангасан байна” гэж заасан байдаг бол 9.5-д нь “Энэ хуулийн 9.1-9.4-т заасан шаардлагыг хангаагүй машин механизм, тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглоно” хэмээн хуульчилсан.
Мөн Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм (БНбД 12-03-04)-ийн 6.2.2-т “Хүмүүс олноор зорчих газарт тулгаж тавьсан хашлага нь хоёр метрээс багагүй өндөртэй байхаас гадна хамгаалалтын үргэлжилсэн саравчаар тоноглогдсон байвал зохино” гэж тусгасан. Уг саравч нь иргэдийн аюулгүй байдлыг хангах ёстой талаар стандарт тогтоосон байдаг. Гэвч МХЕГ-ын хийсэн шалгалтаар хууль, дүрэм, журмын наад захын шаардлага хангаагүй байж.
Хамгийн ноцтой нь өргөгч цамхаг буюу цамхагт кран, барилгын өргүүрийн асуудлыг ч энэ үеэр анхааруулж байсан юм билээ. Тухайлбал, дээрх шаардлагад “Цамхагт краны суурийн хамгаалалт, бэлдэцийн талбайг тусгаарлах”-ыг хууль, журам, дүрмийн заалтад нийцүүлэхийг шаардсан байна. Бас Барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн дагуу уг төхөөрөмжийн техникийн магадлагаа хийсэн байдал, мэргэжлийн ажилтантай, эсэхийг тулгаж шалган хариу ирүүлэхийг “Эко констракшн”-ы С.Нямдаваад хүргүүлсэн шаардлагадаа тусгажээ.
Уг шаардлагыг С.Нямдаваа нь хүлээж аваагүй, өөр нэг албан тушаалтан нь гарын үсэг зурж авсан гэнэ. Хууль, дүрэм, журмыг үл ойшоож, уландаа гишгэсний улмаас “Эко констракшн”-ы барилга дээр удаа дараа хүний амь, эрүүл мэнд хохирсоор байна.
Хүний амь, эрүүл мэндийг хохироосон өмнөх хэргүүдийг нь өршөөжээ
“Эко констракшн” компанийн удирдлагыг хууль сахиулах байгууллагынхан шалгаж, захирал С.Нямдавааг нь яллагдагчаар татсан ч өнөөг хүртэл хариуцлага хүлээлгээгүй талаар дээр дурдсан.
Чухам ямар хэргүүдэд түүнийг яллагдагчаар татсан талаар бид өмнө нь нэг бус удаа мэдээлсэн. Эргэн сануулахад, Хан-Уул дүүргийн нутагт “Эко констракшн” компанийн барьж буй барилгад гарсан, хүний амь, эрүүл мэнд хохирсон нэг бус осолтой холбогдуулж түүнийг болон тус компанийн үйлдвэрлэлийн алба хариуцсан дэд захирал Ж.Бямбахорол, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын ажилтан И.Цэрэндулам, талбайн инженер Ж.Бямбажаргал, “Кинг тауэр-4” барилгын талбайн инженер Э.Энхцацрал, бригадын дарга Т.Буянбаатар, кранч Т.Энхбаяр, “Батсутай” ХХК-ийн захирал Ц.Зулцэцэг нарыг яллагдагчаар татсан бөгөөд С.Нямдаваагаас бусдыг нь шүүхэд шилжүүлж байсан юм. Дэд захирал тэргүүтэй хүмүүсийг нь “Эко констракшн” компанийн барьж буй “Маршал таун” хотхоны барилгад ажиллаж байсан иргэн Ч.Б-гийн дээрээс 2018 оны тавдугаар сарын 21-нд суурийн блокны гадна тусгаарлалтын хавтан унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, 2018 оны дөрөвдүгээр сарын 6-нд “Кинг тауэр-4” хотхоны барилгад туслах ажилчнаар ажиллаж байсан О.Г арматур буулгаж байгаад өндөр хүчдэлд цохиулан амиа алдсан хэрэгт буруутгасан юм. Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас “Эко констракшн” компанийн дээр нэр дурдсан Ж.Бямбахорол, И.Цэрэндулам, Ж.Бямбажаргал, Э.Энхцацрал, Т.Буянбаатар, Т.Энхбаяр, Ц.Зулцэцэг нарт Эрүүгийн хуулийн 11.3-1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”, 10.6-1 дэх хэсгийн “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэсэн үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан билээ. Гэвч энэ хүмүүсийн үйлдлийг Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан хэрэгсэхгүй болгосон юм. Харин уг хэргээс нь тусгаарлан мөрдөн байцаалтын өөр нэг хавтаст хэрэг нээгээд байсан “Эко констракшн” компанийн захирал С.Нямдаваад холбогдох үйлдлийг хэрхсэн нь тодорхойгүй. Өмнө нь нэг бус удаа түүнийг яллагдагчаар тооцоод байсан ч уг тогтоолыг нь хүчингүй болгож, нааш цааш шидсээр байтал мартагдсан гэхэд хилсдэхгүй. Магадгүй С.Нямдаваа нь улс төрд нөлөө бүхий хүмүүс болон хууль сахиулах байгууллагын удирдлагатай ойр дотно нөхөрлөдөг, заримтай нь үндэсний спортын нэгэн холбоогоор нэгддэг нь хэргээс мултрахад нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй гэх хардлага учир мэдэх хүмүүсийн дунд одоо ч байдаг юм.
Хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь энэ мэтээр уснаас хуурай гарснаас дараа дараагийн аваар осол болж, хүний амь эрсэдсээр байна. Нийслэлд болсон үерийн гамшигт мөн л “Эко констракшн” С.Нямдаваагийн нэр дуулдсан.
Хичнээн хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол үзэж байж, хариуцлагатай болох юм бэ С.Нямдаваа захирал аа?
А.Баярмаа