Монгол Улсынхаа хууль, шүүхийн үйл ажиллагаа эрхлэх бүх шатны байгууллагын эрх баригч эрхэм олон бүгд Танаа өргөн учирлах бичиг
Би Цоодолын Хуланг Монгол Улсынхаа хуулиар хориотой ямар нэг буруу үйлдэлд сэжигтнээр шалгагдаж буйг үндэслэлгүй хардлага ч юм уу, улс төрийн улирсан цагийн хэлмэгдүүлэлтийн давтамж гэж үзэх үүднээс бус монгол үндэстний оюун санааны хөгжлийн хүчирхэг түүчээ – Монголын утга зохиол, яруу найргийн авьяаслаг нэг төлөөлөгчийн албан ажлын алдаа, дутагдлыг Монголын минь хууль зүйн шинжлэх ухааны эрхэм мэргэд, мэргэжилтэн дүү нар минь нягтлан магадлахдаа, тухайн үеийн нийгмийн харилцааны шинж чанарын бодит нөлөөлөл хувь хүмүүсийн зан чанар, сэтгэц, үйлдлийн агуулга, хэлбэрийг тодорхойлогч гол шалтгаан болдог зүй тогтлыг та бүгдийнхээ гаргах шийдвэрт тусгуулахсан гэх хүслээр энэхүү учирлал- бичгийг өргөн толилуулж байна.
Өнөөдөр Монголын ахуй амьдралын нөхцөлд хувь хүний алив сөрөг чанарт үйлдлийн үндсэн шалтгаан нь үнэндээ ард иргэдийн олонх нь шударга хөдөлмөрийнхөө орлогоор амьдралаа дээшлүүлэх боломжийг боомилж буй ил эдийн засгийн гүнзгий хямрал (бараа бүтээгдэхүүний үнийн үндэслэлгүй хөөсрөл, үндэсний валютын огцом сулрал, инфляци, авлига, хээл хахуулийн ужиграл) “далд эдийн засаг”-ийн дарангуйлал, нийгмийн ёс суртахууны уналт, доройтол юм.
Хаврын хавсарганаар тэнгэр муухайрах, агаарын даралт хүндрэх нь хөгшин залуу хэний ч цусны эргэлт, бодисын солилцоонд шууд сөргөөр нөлөөлж эд, эсийн физиологи үйл ажиллагааг хямруулдагийн нэгэн адил бидний шуурхай туршиж буй зах зээлийн ардчилал нь хүний “Дотоод хөгжил”-ийн агуулга, зорилгыг буруу ойлгож гажуудуулсан, зөвхөн материаллаг хэрэглээний прагматик хэрэгжилттэй харилцааны ардчилал тул энэ нөхцөлд амьдарч буй хувь хүмүүсийн сэтгэц, сэтгэл зүй, үйл ажиллагаан дахь элдэв зөрчилт үйлдлүүд нь нийгмийнхээ харилцааны үр дагаврын согог буюу бодит илрэл байх бүрэн магадлалтай нийгмийн үзэгдэл юм.
Нэмж дурьдалтай нэг сүүдэртэй нийгмийн оюун санааны асуудал бол бид энэ цаг үед өнгөрсөн түүхийнхээ ч, өнөөдрийнхөө амьдралын ч улс төр- эдийн засгийн зарим үйл явцуудын бодит үнэнгүй, бидний хооронд үндэсний эрх ашгийн үзэл санааны нэгдмэл философигүй, нийгмийн хөгжлийн бодлогод хувь хувийнхаа бодол, ойлголтод эрхшээгдэн бие биеэ үгүйсгэсэн, няцаасан, “хоёр туйл”-д хуваагдан талцсан хоорондоо илт зөрөөтэй сэтгэлгээний практик амьдралд хэрэгждэгээс үндэсний ухамсрын төлөвшилтийг саармагжуулж үйл явцын аль нь чухам үнэн, зөв, аль нь худал, бурууг ард иргэд мэдэх, магадлах аргагүй мухардмал мэдээллүүдээр тархиа “улайсгуулж” нийгмийн сэтгэлгээ бодит үнэнгүй явгаран үлдэж буй “үл ойлголцол”, “үл итгэлцэл”-ийн хүйтрэл юм. Энэ бүх бодит шалтгааны дарамтаас дүгнэлт хийхэд, бид нийгмийнхээ харилцааны шинж чанарыг илүү хүнлэг төвтэй болгон өөрчлөх, өнөөгийн практик амьдралынхаа биоматерийн оршихуйн түвшний утгатай хүний оюун санаа,“дотоод ертөнц”-ийн хөгжил, гэгээрэл рүү хөтөлж эрчимжүүлэх чиглэлд эргүүлэх эрс шинэчлэл хийх хэрэгцээ манай нийгмийн хөгжлийн тулгамдсан хэрэгцээ, зорилго болж тулгарав.
Би яруу найрагч Ц.Хуланг улс төрийн ойрын хүрээлэл, нөлөөлөл дор ажиллаж богино хугацаандаа төрдөө буруушаагдах алдаа, гэнэдэл гаргасан нь лавтай бол хаацайлахыг урьтал болгож буй бус, харин шалтгаан, түлхээс нь юу байв? гэдэгт шинжлэх ухаанч хандлага барьж бодит үнэнд ойр тайлбар өөртөө олох гэж эрж сууна.
“Ахуйн философи” ойлголтоор, хувь хүний эерэг, сөрөг сэтгэц, үйлдлийн сурвалж нь тэр хүний хүсэл, санаанд бус, амьдран буй орчных нь нөлөөний шинж чанарт оршдог гэж үздэгийг эш болговоос, Ц.Хулангийн алдаа, дутагдлын уг нь бидний олонхийн сэтгэл, санаанд нүсэр хүндээр тусч буй амьдралын материаллаг гачигдал, ухамсрын хяналт, зохицуулалтаас давсан бухимдал, хүн өөрийнхөө зан чанараа хадгалж үлдэх тэнцвэр, тэсвэрээ алдах тогтворгүйжилт үүссэнээс цөөнгүй залуус, иргэд өөрт хортой үйлдэл рүү хальтирч буй харамсалтай тохиолдлуудын нэг болж дээ! гэж халаглаж суунам. Ц.Хулан хүнлэг нинж сэтгэлийн дууч найрагч бөгөөд “дотоод ертөнц”-дөө хүчтэй тэсрэлттэй ч бусдад их тусч, өрөвчхөн сэтгэлтэй, адгуу шавдуу идэвхтэй үйлдэл, хөдөлгөөнтэй, Монголын яруу найргийг мэргэжлийн түвшинд уншиж ойлгодог оюун санааны өндөр боловсролтой уншигчид чин сэтгэлээсээ хүндэтгэдэг, хайрладаг, хурц дайчин чанартай ясны яруу найрагч хүн юм. Гэвч түүнд яруу найрагчдад заяагдмал байдаг зан төрх болох байгалийн язгуур чанараараа аливт амархан хууртагдамтгай, итгэмхий, хүүхэдлэг гэнэн, хашир санаагүйгээсээ болоод амьдралдаа олонтоо алдаж гэнэддэг дэлхийн аль ч улс орны яруу найрагчдын гэмээс зайлж яахин чадаа аж даа чааваас !…
Ийм гэнэний гэм, ийм харамсалтай болчимгүй, дав дув үйлдлийн инстинкт уран бүтээлчдэд бусад мэргэжлийн хүмүүсээс илүү хүчтэй суурилагддаг муу талтай нь бас яалт ч үгүй үнэн юм. Эдгээр үнэний нөхцөлүүдийг нэгтгээд бодоход, Ц.Хуланд оногдох буруу чухам юу байгааг би мэдэхгүй суугаа ч тэр алдаа, эндэлүүд “Ажлын хариуцлага, сахилга” алдсаны хатуу сургамж болох буруутай үйлдлүүд байсан болов уу? гэж таамаглаж сууна.
Би одоо наян таван насны өндөр рүү гэтэлж яваа өвгөн хүн. Монгол ээж, аавуудынхаа олон үрсийг аль ч ажил албаны хэн ч бай алаггүй хайрлаж өөрийнхөө амьдралаар амьдралд нь тус болохыг л амьдралынхаа зарчим болгон мөрдсөөр өнөөдөртэй золголоо. Монгол хүн бүр миний сэтгэлд миний мах, цусны нэгэн эс, төрсөн ах дүү, хэдүй би өөрөө өчүүхмэд, эрх мэдэл энгийн ч нэгийг нь нөгөөгөөс тань өмөөрөх, мөн, цаашлаад нийгмийн харилцааны муу нөлөөний уршиг, уруу таталт, үндэстэй, үндэсгүй мууламж, сэтгэл санааны сүүдэртэлтээс амьхандаа бүгдийг тань хамгаалах “Их санаа”-тай амьдардаг.
Шүүх, хуулийн албаны эрхэм сайхан дүү таануусын минь талаар ч олны амнаас хааяа таагүй жиг-жуг шивнээ чих рүү нэвтрэх, таанууст минь ард иргэдийн итгэл хүйтрэх хандлага мэр-сэр илэрдэг мэт ойлгогдохоор үгс сонин, хэвлэлээс цухалзахад ч ялгаагүй л дотроо би өмөөрөх сэтгэлээр эмзэглэн суудаг.
Тиймээс, та бүгдээ ч бусдын хар муу үг, дутуу буруу ойлголтоос хаацайлахын тулд, өөрөөр хэлбэл, таануусын минь тухайд нийгэм нийт элдэв ташаа бодол, сэтгэл хамцуйлж явахгүй байлгахын тулд эрдэмт дүү таануусдаан хууль зүйн шинжлэх ухааны практикт хэрэглэх боломжгүй ч байж магадгүй нэг монгол цээжний санаа хэлэх юмсан, хүүхдүүддээ сануулж захих юмсан! гэж бодож явдаг байсан бодлоо дашрамд ханзлахад, хуульчид, шүүгчид хүүхдүүдэд минь юуны түрүүнд байгууштай сэтгэл зүйн анхдагч зарчим нь өөрсдийнхөө мэргэжлийн логикоос, хуулийн хатуу заалтаас өмөөрөх үндэслэлийг амьдралын ээдрээг парадоксуудаас олох, хуулийн зүйлчилсэн заалтын маргаангүй төгс зөвд түр эргэлзэх, өмнөө суугаа хүнийхээ байранд өөрийгөө орлуулан тавиад,
“Хэрэв би энэ хүн байсан сан бол яах байсан бол гэж өөрийнхөө үйлдэх байсан байж болох үйлдэлтэй харьцуулан эргэцүүлэх сэтгэл зүйн инстинит суусан байгаасай, хариуд нь тэрнийг нь ард иргэд халуун мэдэрдэг, хүнлэгээр ойлгодог, хуульчид шүүгчид мэргэжилтнүүдээ хайрлан хүндэлдэг сэтгэл зүйтэй байгаасай! гэж хүсдэг юм.
Нөгөө өнцгөөс эргэцүүлбэл, хүнийг шүүх, шийтгэх, яллах шийдвэр гаргах эрхэнд сууж буй хүн нь өөрөө хүний бурууг сэтгэл зүрхээрээ өөртөө нотож чадахгүйгээр шийтгэх нь хамгийн мартагдашгүй гашуун алдаа, алдаагаар ч барахгүй муухай гэмт хэрэг, нүгэл хилэнц болох юм. Эцэст нь нуршихад, Ц.Хулан Монголын яруу найргийн уншигчдын оюун санааны хөгжлийн хэрэгцээнд өөрийн орон зайгаа эзэлсээр байх нь мадаггүйн дээр Ц.Хулангийн бүтээлийг эрхэмлэн уншдаг давхаргынхны сэтгэлгээнд шаардлагатай, хэрэг тустай бүтээлийг Ц.Хулангаас өөр аль ч яруу найрагч орлон бичиж эс чадах тул Ц.Хулангийн биеийн эрүүл мэндэд удаан хугацаагаар муугаар нөлөөлөхгүй, мөн, уран бүтээлээс нь харамсалтай нөхцөлөөр завсарлуулахгүй байх боломжийг хуулиар зөвшөөрөгдөх хэмжээнд олгоно гэдэгт гүнээ итгэж, гагц үүний төлөөнөө эл бичгийг өргөн толилуулав. Дуугүй сууж эс түвдэх нь миний хувь чанар, хүмүүжил минь амүй.
Д.Урианхай