Баянзүрх дүүрэгт энэ зун хоёр ч удаагийн үер усны томхон гамшиг тохиолдож, иргэд их хэмжээний хохирол амссан.
Эхний үер буюу 2023 оны 7-р сарын 05-ны шөнө Сэлбэ голын ус далангүйгээс хальж, Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны орон сууцны барилгууд үерийн усанд автаж, зоорины давхруудад ус дүүрснээс тэнд байсан автомашинууд живсэн. Тухайн үед 49 орон сууц усанд автсан гэсэн мэдээлэл өгснөөс яг хэдэн машин усанд живсэн, хэчнээн өрх тог цахилгаангүй, халуун хүйтэн усгүй хэд хоносон талаар нэгдсэн мэдээлэл хэн ч өгөөгүй юм.
Хоёр дахь удаад 2023 оны 8 сарын 5-ны өдөр их хэмжээний бороо орсны улмаас уулын ус бууж Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дарь-Эх орчмын айл өрхүүд мөн үерт автаж, эрдэнэт хүний амь нас эрсдэж, 350 гаруй айл усанд автаж, их бага хэмжээгээр хохирсон бол 110 автомашин усанд живсэн мэдээлэл бий.
Төр засаг, хотын удирдлагууд шуурхай арга хэмжээ авч үерт автсан иргэдэд нийгмийн хамгааллын тусламж дэмжлэг үзүүлсэн, үзүүлсээр ч байна. Хамгийн сүүлд гэхэд Австралийн Элчин Сайдын яамнаас 250 мянган австрали долларын дэмжлэг үзүүлснээ зарласан. Олон Улсын байгууллагууд төр засгаас үзүүлсэн бүх тусламж дэмжлэг зөвхөн Дарь-Эх орчмын үерт өртсөн 350 гаруй өрхөд хүрснээс бус 43 дугаар хорооны хэдэн мянган өрхөд нэг ширхэг талх ч очоогүй юм.
Мөн Дарь-Эхийн гэх үерт амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт 2 өрөө байр, 280 өрхөд тус бүр 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээ дүүргийн удирдлагууд зарласан. Живсэн автомашинд 3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээ хотын удирдлагууд мэдэгдсэн юм. Гэр оронгүй болсон иргэдэд иж бүрэн тавилгатай гэр, хоол хүнс, хувцас хэрэглэл тэр ч бүү хэл шинэ суурьшлын бүсэд газар олгосон юм.
Тэгвэл эхний үерт хохирсон, автомашин нь живсэн иргэдийг яагаад хөсөр хаяв. Нэг ч байрны зоорины давхарт засвар хийгээгүй, нэг ч төгрөгийн дэмжлэг үзүүлэлгүйгээр хоёр сар боллоо. Одоо тайлбар хийх цаг нэгэнт болсон.
Эхний үер цэвэр хотын удирдлагууд, хууль бус газар олголтоос үүдэлтэй, мөн л их хэмжээний хохирол учруулсан байхад хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Тухайн үед мэргэжилтнүүд энэ бол үер биш, харин голын урсгал хааж барилга байгууламж барьснаас үүдэлтэй халилт гэж мэдэгдэж байсан юм. Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны машин, эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийг Нийслэлийн удирдлагууд болон Улсын Онцгой комисс хөсөр хаяад орхисон гэхэд болно. Гэвч тэд улсаас ямар нэг арга хэмжээ авна, хохирлыг барагдуулна гэсэн найдлага тээн хүлээсээр байна.
Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны иргэн Б “Би өрх толгойлсон 3 хүүхэдтэй. Ганц өөрийнхөө цалингаар амьдралаа болгодог ч хүүхдүүдээ юмаар дутаачихгүй юм сан гээд өр хийж автомашин авсан ч даатгуулж ч амжилгүй нэг сар унаад үерт живүүлсэн. Маш их гомдолтой байна. Машинаа засуулах гээд өнгөрсөн хугацаанд мөн л нэмж хийсэн өр дийлдэхээ байлаа. Хоёр сар өнгөрсөн байхад одоо ч машинаа засаж чадаагүй л байна. Олон газарт өргөдөл өгсөн. Нааштай шийдвэрлэж биднийг харж үзнэ гэж найдаж байна.
Бид ямар ч хууль зөрчөөгүй, үерийн аманд буугаагүй гэдгээ хэлье. Манай байр гэхэд Сэлбэ голоос 500 метрийн зайтай ч усанд автсан. Дүүргийн удирдлагууд хэвлэлд өгсөн ярилцлагадаа Дарь-Эхэд өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэн их байгаа учраас дэмжлэг үзүүлж байна гэх утгатай яриа өгсөн. Манай хороонд ч над шиг өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй хүн олон байна. Иргэдийг ялгаварлаж байгааг ойлгохгүй байна” гэв.
Зургийн тайлбар: Иргэн Б шинээр авсан машин гражид байх үед үерт автаж өдгөө ийм байдалтай болсон.
Мөн тус хорооны иргэн С: 200 гаруй өрх оршин суудаг манай байрны зоорины давхар авах юмгүй болсон. Хана тааз, шалны будаг ховхорсон. Халаалтын шугам үерийн дараа олон газарт салсан байдалтай байна. Мэргэжлийн хүн халаалтын шугамаа бүрэн солих хэрэгтэй гэсэн. Удахгүй 9 сарын 15-нд халаалт ирнэ. Бид халаалтаа авч чадахгүй нь байна. 114 машины зогсоолтой зоорины давхрын зөвхөн шалыг будахад нэг зогсоолтой айлаас сая төгрөг, иж бүрэн засвар хийх бол 4 сая орчим гарахаар тооцоо гарч байна. Сарын СӨХ-ийн 50 мянган төгрөгөө арай гэж төлдөг хүмүүс тийм хэмжээний мөнгө гаргаад засвар хийнэ гэж байхгүй. Хотын удирдлагууд засаж өгөөсэй. Үерийн буруутан хэн юм бэ, хариуцлага хүлээгээч гэж шаардаж байна” гэв.
Зургийн тайлбар: Үерийн улмаас ийнхүү усанд автсан граж, үерийн дараах байдал.
Өөрөөр хэлбэл үерийн буруутан нь төр гэдгийг Нийслэлийн удирдлагууд хүүлээн зөвшөөрч өдгөө хуулийн хүрээнд маргаан үүсгээд байгаа. Харин маргаан эцэслэгдэх хүртэл эхний үерт автан айл өрхүүдийн хохирлыг хэн барагдуулах нь тодорхойгүй байдал үүсч, хоног өнгөрөх тусам хохирлыг дагаж үүсэх асуудал нэмэгдэж байна. Иймд Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар та иргэдийн хохиролд анхаарал хандуулна уу!!!