Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадам болон аймаг, сумын ой, баяр наадмын хүчит бөхийн барилдаанд холбогдох хууль, дүрмийг зөрчсөн бөхчүүдийн үйлдлийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнаас шалгаж, шийдвэрлэжээ.
Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.4-т заасан “…бөхийн барилдааны үед засуул, хөлийн цэцийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлэх, барилдааны талбайд даруу төлөв, ёс жудагтай байх…” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлээр улс, аймгийн цолтой гурван бөхөд Зөрчлийн тухай хуулийн 6.28 дугаар зүйлийн 1 /Үндэсний их баяр наадмын тухай хууль зөрчих/-д заасны дагуу 500 мянган төгрөгөөр, аймгийн цолтой нэг бөхөд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 /Хүний биед халдах/-д заасны дагуу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл тус тус оногдуулсан байна.
Харин улсын цолтой 1 бөхийн “барилдаанд унахдаа зүй бус үйлдэл гаргасан” гэх асуудлыг холбогдох баримтуудаар тогтоогдоогүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Улсын арслан Ц.Содномдорж Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд аймгийн арслан Г.Жамбалдоржтой барилдахдаа, аймгийн арслан П.Эрхэмжаргал мөн наадмын гурвын даваанд улсын харцага Л.Лха-Очиртой барилдахдаа, улсын заан Б.Батмөнх Богдхан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, Төв аймгийн баяр наадмын бөхийн барилдааны наймын даваанд улсын начин Д.Хүдэрбулгатай барилдахдаа үндэсний бөхийн дүрмийг зөрчсөн үйлдэл гаргасан.
Монгол үндэсний бөхийн уламжлалт ёс жаяг, бөхийн жудаг сахиагүй, өрсөлдөгч бөх, наадамчин үзэгч олныг үл хүндэтгэсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог тул холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг бөхчүүдэд сурталчлах, урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээ авч хэрэгжүүлэх, мөн дээрх зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах талаар Монголын Үндэсний бөхийн холбоонд прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.