Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн Тангадын Галсан өдгөө ерэн насыг хол давж яваа.
Тэрбээр их утга зохиолын ертөнцөд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртэхээсээ өмнө “Өнөр хүний зүрх”, “Үртэй хүний сэтгэл”, Өссөн нутгийн хур”, “Үлэмж хайрын дуулал” зэрэг бүтээлээрээ дуулиан тарьж, “Үүл нүүсэн хөх тэнгэр”, “Үндэс сүлжсэн хөх судар” нэртэй ботиудаараа Ардын уран зохиолч цолыг хүртсэн.
Тухайн үед утга зохиолын нэрт судлаач, шүүмжлэгч Х.Сампилдэндэв, Төрийн шагналт, доктор Д.Цэнд, Д.Галбаатар нар түүний бүтээлийг “Яруу найргийн төрөлд шинэ үзэгдэл боллоо” хэмээн шүүмж бичсэн байдаг. Тэр байтугай В.Инжиннашийн романуудыг эх хэлэндээ орчуулсан Оросын эрдэмтэн Лида Скородумова “Жирмийн сүлжээ бол Оросын четверостыши биш, Дорнын рубай биш, Төвдийн “Субашид” биш, онхи өөр бүтэцтэй яруу найргийн шинэ төрөл зүйл” хэмээн тэмдэглэж байсан байдаг.