Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга асан, өдгөө төлөөлөгчөөр ажиллаж буй Ц.Отгонбаяр, Засаг дарга байсан Г.Батжаргал, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Ихбаяр, “Эко грийн ланд” ХХК-ийн захирал З.Эвлэгсайхан, С.Мөнхболд, Д.Сайнбилэг нарт холбогдох хахуулийн хэрэг дахин шүүхэд шилжжээ.
Өмнө нь буюу 2021 онд уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цар тахлын үед шилжүүлж, хэлэлцэж чадалгүй нэлээд удааширч байгаад 2021 онд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаасан. Түүнээс хойш 2022 оны намар шүүхэд шилжүүлэхээр болсон ч прокурорын байгууллагаас зайлшгүй шалгаж тодруулах зүйлийг дутуу мөрдсөн гэж үзээд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлээд байв. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлжээ.
Гэвч хэргийг энэ удаад шүүхэд шилжүүлэхдээ Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд бус Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2023.10.18-ны өдрийн 10:00 цагт товлогдсон байна. Уг хурлыг хэрвээ тэд хойшлуулчихгүй л бол шүүхээс ял авна, эсвэл цагаатгах болно.
Тэдний хувьд 2017 оны зургадугаар сарын 21-нд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Идрэн багийн Иргэдийн нийтийн хурлаас болон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийнхэн ч дэмжээгүй, Хөшөөт гэх газарт нөхөн сэргээлт хийлгэхийн тулд орон нутагт хандив өгүүлэхгүйгээр З.Эвлэгсайханаас 100 сая төгрөгийг хахууль авсан хэрэгт холбогдсон юм.
Улмаар хэргээ шийдүүлэхгүй ийнхүү хугацаа хожиж байгаа нь хардлага төрүүлж байна. Тодруулбал, хэргийг боломжит бүхий л хувилбараар удаашруулж, хэргийн харъяалалыг төрсөн нутаг руугаа шилжүүлж дөнгөсөн нь хардлага төрүүлж байгаа юм.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.
А.Баярмаа
1 сэтгэгдэл
Онийсон, бүлцэн Монголчууд аа, хүнийг дорд үзээд байгаа юм бол тухайн хүнийг судалдаггүй бөгөөд мөрддөггүй юм.