Өнөөдөр асу.мн сайт “ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын цахим мөрийтэй тоглоом хууль бусаар тоглуулдаг этгээдүүдийг шалгадаг хэлтсийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Г.Тэмүүлэн нь бусдаас их хэмжээний авлигал авчээ. Ингэхдээ тэрээр цахимаар хууль бусаар мөрийтэй тоглуулдаг бүлэг этгээдүүдээс сар бүрийн тодорхой өдөр тогтмол авилгал авдаг байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Энэ хэрэг нь одоогийн байдлаар Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.” Гэх мэдээллийг хүргэсэн.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс “Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл буюу “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Ажлын хэсэг байгуулан тодорхой үе шаттай ажил, арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байна.
Энэ төрлийн гэмт хэргийг шалгах явцад цагдаагийн алба хаагч “Т” нь хэргийн холбогдогчтой холбоотой байж болзошгүй нөхцөл байдлыг дотоод хяналтаар илрүүлж, тогтоосон ба хууль, журмын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Тус байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор энэ оны эхний 11 сарын байдлаар цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 49 сайтын 3508 домэйн хаягийг Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран Монгол улсаас хандах эрхийг хязгаарлуулж, нуугдмал хөрөнгө, хууль бус мөнгө байршуулсан байж болзошгүй 2254 харилцах дансыг холбогдох хууль, журмын хүрээнд хязгаарлуулан ажиллаж байна.” Гэв.
Албан бус мэдээгээр Г.Тэмүүлэн нь цахимаар покер тоглуулдаг хэд хэдэн хүнээс сар бүр тогтмол их хэмжээний мөнгө бэлнээр авдаг байжээ. Мөн албан тушаалаа урвуулан ашигласан, бусдыг сүрдүүлсэн зэрэг хэд хэдэн хэргээр шалгагдах юм байна. Түүнтэй хамт ЭЦА-ны алба хаагчид шалгагдах бөгөөд бид тэдгээрийн талаар эргэж мэдээлэх болно.

