Эрх мэдэл бүхий зарим албан тушаалтнуудынхаа харгайгаар олгосон зээлээ буцаан авч чадахгүйд хүрч, дампуурлын ирмэгт тулж байсан Хөгжлийн банк сүүлийн 1-2 жилийн хугацаанд голдиролдоо орж хэвийн ажиллаж эхэлсэн билээ. Улстөрчид, эрх мэдэлтнүүд нь танил тал, найз нөхдийнхөө хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд зээл авч өгсөн, тэдгээр нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, мөнгөө эргэн төлөлгүй “луу унжсаар” Хөгжлийн банк маш эрсдэлтэй нөхцөл байдалд тулсныг монголчууд мартаагүй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “шүгэл үлээж”, хууль хяналтын байгууллагад хандсанаар чанаргүй зээлдэгч нар мөнгөө буцаан төлж эхэлсний үр дүнд Монгол Улс дефолт зарлах эрсдэлгүй болсон. Улмаар олон улсаас бонд босгож авсан зээлүүдээ төлж барагдуулж чадсан билээ. Тэгвэл арайхийж хөл дээр нь сэргээн босгосон Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг солихоор болсон тухай мэдээлэл хэд хоногийн өмнөөс олон нийтийн сүлжээнд цацагдаж эхэллээ. Шадар бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд, АН-ын дарга Л.Гантөмөр намынхаа жагсаалтаас ч хасаж байсан хүндээ өр төлөх гэж байгаа юм уу, 2020 олон энэ оны сонгуульд тойрогт нэр дэвшээд “унасан” УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагад томилохоор болж буй гэх. Харин энэ хүн уг албан тушаалыг хашиж чадах уу, өр, авлагыг нь шударгаар төлүүлж барах уу гэдэг нь эргэлзээтэй.
Учир юу гэвээс З.Нарантуяагийн удирдлагад нь ажиллаж байсан арилжааны хоёр ч банк дампуурч хаалгаа барьсан байдаг. Түүний намтарт 2006-2010 онд “Монгол шуудан” банкны дэд захирал, 2010-2011 онд “Хадгаламж” банкны гүйцэтгэх захирлын орлогч гэх албан тушаал хашиж байсан тухай нь бий. Сүүлдээ энэ хоёр банк нэгдэж ажилласан ч харилцагч, хадгаламж эзэмшигчдаа хохироон хаалгаа барьсан. Эцэстээ “Төрийн банк”-тай нэгтгэснийг уншигчид санаж байгаа. Хөгжлийн банкны тухай хуулийн 19.5.5 дахь заалтад “Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй болох нь нотлогдсон байх” гэж заасан. Хуулийн энэ заалт түүнтэй хамааралтай, эсэхийг холбогдох байгууллага нь тодорхой болгох биз.
Үүнээс гадна З.Нарантуяаг Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагад томилж болохгүй бас өөр баримт бий. Хөгжлийн банк хуучнаар Хүүхдийн номын сангийн буурин дээр буюу Улсын нэгдүгээр төв эмнэлгийн баруун хойно, Гадаад харилцааны яамны зүүн талд Худалдаа, хөгжлийн банкныхны барьсан оффист байрладаг. Тухайн барилгын 11, 12 дугаар давхарт 3240 ам метр талбайг нэг ам метрийг нь 8.3 сая, В1 давхарт байрлах автомашины 10 зогсоолыг 775 сая төгрөгөөр үнэлэн авсан. Нийт 27.5 тэрбумаар буюу зах зээлийн ханшаас өндөр үнээр уг оффисыг авсан нь хууль зөрчсөн, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, Хөгжлийн банк 4.8 тэрбумаар хохирсон гэдгийг ч хууль, шүүхийн байгууллагаас тогтоосон байдаг. Гэтэл Хөгжлийн банканд өндөр үнээр оффис “шахсан” Худалдаа, хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр АН-ын гишүүн З.Нарантуяа ажиллаж буй нь ашиг сонирхлын зөрчил бий болгож ч болзошгүй гэсэн хардлага бий.