Гал морин жил охин хүүхэд төрүүлээд хэрэггүй гэсэн үг хаанаас эхтэй вэ гэдгийг Осака их сургуулийн профессор Kikkawa Toru нягталж “1966 оны оньсого: Японд гал морин жил яагаад төрөлт гэнэт буурсан бэ?” гэсэн өгүүлэл бичсэнийг nippon.com нийтэлжээ.
Японы эдийн засгийн ид цэцэглэлтийн үе болох 1966 оны гал морин жилд Японд төрөлт эрс буурч, өмнөх 1965, дараагийн 1967 онтой харьцуулбал 500 мянгаар цөөн хүүхэд мэндэлсэн байна. Профессор Киккава Тору үүний нэг шалтгаан нь 1964 оноос эхлэн японы сонин хэвлэл, зурагтаар гал морин жилд хүүхэд төрүүлэхээс болгоомжлохоос эхлээд ийм мухар сүсгийг үл тоох тухай маш их мэдээлэл цацагдсан явдал, өөрөөр хэлбэл хэвлэл буруутай гэж үзжээ. Өөр нэг шалтгаан нь тэр үед хүн амын өсөлтийг сааруулах асуудал төрийн бодлогын түвшинд тавигдаж, гэр бүл төлөвлөлтийн талаар соён гэгээрүүлэх ажил ихээр хийгдэж байсны үр дүн аж.

Судлаач гал морин жил төрсөн охин хүүхдийн хувь заяа ээдрээтэй байдаг тухай мухар сүсэг хаанаас бий болсныг сурвалжлаад Эдогийн эрин(1603-1868)-ий эхэн үед үүссэн “зөвхөн японы үзэгдэл” гэж нэрлэжээ. Тэгэхдээ 1666 оны гал морин жил төрсөн Yaoya Oshichi гэдэг эмэгтэйн эмгэнэлт амьдралаас сэдэвлэсэн жүжгээс болж ийм үндэслэлгүй худал зүйл түгсэн гэж үзсэн байна.
Японд 1906 оны гал морин жил төрсөн эмэгтэйчүүд гэрлэх насанд хүрсэн 1925 онд тэдэнтэй суухаас татгалзах, үүнээс болж зарим бүсгүй амиа хорлох явдал гарч, японы нийгмийг доргиосон түүхийг судлаач бас дурдсан байна. Эцэст нь тэрбээр гал морин жил төрөлт буурсан нь “Уламжлал хийгээд орчин үеийн харилцан үйлчлэлийн үр дүн” гэж дүгнээд 2026 онд энэ явдал давтагдахгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Гал морин жилд төрсөн эмэгтэй хүний хувь тавилан ээдрээтэй байдаг тухай энэ үзэл “Зөвхөн японы үзэгдэл” гэхээсээ азийнхны дунд түгсэн гэх нь оновчтой санагдана. Монгол зурхайн судруудад гал морин жилтэй эмэгтэй хүний тухай ингэж тусгайлан анхааруулсан, тодолсон зүйл бол байхгүй. Харин “Гал морин жил охин хүүхэд болж өгвөл битгий гаргаарай” гэж хэд хэдэн бөөгийн онгод өгүүлэхийг сонсож байсны хувьд их л эртнээс улбаатай үг байх гэж бодож байна.
Олон жилийн өмнө “Хос мөр” сонинд зурхайч Дондогжалын Мөнх-Очир энэ сэдвээр ярилцлага өгч байсан. Сониныхон дуулиан хөөж гал морин жилтний тухай онцолж өгүүлснийг нь нийт морин жилтний тухай мэтээр гарчигласнаас болоод бас хөөрхөн бужигнаан үүссэн. Энэ нь Д.Мөнх-Очир докторыг монголын гал морин жилтнүүдийн талаар дагнасан судалгаа хийхэд хүргэсэн байх. Түүнд 1966 оны гал морин жилтнүүдийн тухай их сонирхолтой статистик бий.
Гал морин жил төрөгсөд ихэвчлэн царай зүс, бие бялдар сайтай, хурц ухаантай, удирдан манлайлагч, ном эрдэм сурахдаа сайн, ер нь л хүчтэй хүмүүс байдаг. Энэ зан чанар нь эмэгтэй хүний хувийн амьдралд заримдаа сөргөөр нөлөөлдөг учраас л номхон даруухныг эрхэмлэдэг азийнхан гал морин жил эмэгтэй хүүхэд төрүүлэхгүй байхыг хичээдэг байсан юм болов уу гэж би хувьдаа боддог. Өнөөдөр бол огт өөр цаг үе, хүмүүсийн ухамсар сэтгэхүй ч өөр болсон цаг учраас энэ бүхнийг зүгээр л сонирхуулах үүднээс бичлээ. Мэдээллийн эриний оюунлаг уншигч Та авах гээхийн ухаанаар хандаж, өнгөрснийг хараахгүй, өнөөдрийг үгүйсгэхгүй буй заа.
Урианхан Б.ГАЛААРИД 2025.11.20
