Эрүүгийн хуулийн 13.14.1 Худал мэдээлэл тараах заалт нь Монгол улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа гэх дүгнэлтийг ҮХЦ гаргасан. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас ажлын хэсэг байгуулж Эрүүгийн хуульд 14.10 гэх шинэ заалтыг дараах байдлаар төсөл боловсруулжээ.
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эрүүгийн хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:
1/14.10 дугаар зүйл:
“14.10 дугаар зүйл.Гүтгэх
1.Хүний нэр төр, алдар хүндэд халдаж худал, хуурамч мэдээллийг мэдсээр байж, эсхүл зориуд бэлтгэж олон нийтэд тараасны улмаас тухайн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол, хор уршиг учирсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин
цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.өөртөө, эсхүл бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
2.2.хиймэл оюун ухаанд суурилсан технологийн аргаар хүний дүр төрх, дуу хоолойны өнгө, үйл хөдлөл, эсхүл бодит нөхцөл байдлыг бүрэн, эсхүл хэсэгчлэн дуурайлгах, өөрчлөх, хувиргах, шинээр бүтээх замаар хуурамч зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг ашиглаж;
2.3.захиалгаар гүйцэтгэж;
2.4.бүлэглэж;
2.5.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол, хор уршиг учруулж үйлдсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг нэг жилээс хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар
нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэнэ.
Тайлбар:
-Энэ зүйлд заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдаж” гэж хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор түүний талаар бусдад сөрөг ойлголт төрүүлэх, улмаар тухайн хүний нэр төр, алдар хүндийн талаарх нийтийн үнэлэмжийг бууруулахад чиглэсэн үйлдлийг ойлгоно.
-Энэ зүйлд заасан “Худал мэдээлэл” гэж худал болох нь нотлох баримтаар тогтоогдсон мэдээллийг ойлгоно.
-Энэ зүйлд заасан “Хуурамч мэдээлэл” гэж бодит байдал дээр болоогүй үйл явдал, үйлдэл, нөхцөл байдлыг болсон мэт ойлгогдохуйц байдлаар зохиож бичсэн, эсхүл хиймэл оюун ухаанд суурилсан болон бусад программ, техник хэрэгсэл, зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг ашиглаж зохион бүтээсэн мэдээллийг ойлгоно.
-Энэ зүйлд заасан “олон нийтэд тараасан” гэж худал, хуурамч мэдээллийг олон нийтэд нээлттэй, эсхүл олон нийт хязгаарлалтгүй нэвтрэх боломжтой, эсхүл олон нийтэд хүргэх боломжийг санаатайгаар бүрдүүлэх байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээ, хурал, цуглаан, зар сурталчилгаа болон
түүнтэй адилтгах олон нийтэд хүрэх боломжтой хэлбэрээр түгээсэн, байршуулсан үйлдлийг ойлгоно.
-Энэ зүйлд заасан “ноцтой хохирол, хор уршиг” гэж хүний амь нас хохирсон, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан, гэрлэлт цуцлагдсан, хохирогч болон түүний гэр бүлийн гишүүд нь мөрдөн шалгагдсан, цагдан хоригдсон, ял шийтгүүлсэн, хохирогчийн амьдарлын эх үүсвэр болсон эд хөрөнгийн болон эдийн бус эрхэд хохирол, хор уршиг учирсан шалтгаант холбоо бүхий үр дагаврыг ойлгоно.
-Дараах тохиолдлыг энэ зүйлд заасан гэмт хэрэгт тооцохгүй:
-Нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлыг хөндөж үзэл бодлоо илэрхийлсэн, эсхүл хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаа бол;
-Нийтийн албан тушаал эрхэлж байгаа, эсхүл эрхэлж байсан хүнийг албан тушаал, чиг үүрэг, шийдвэр, үйл ажиллагаатай нь холбогдуулж хууль бус үйлдэлд хардаж сэрдсэн, эсхүл шүүмжилсэн бол;
-Олон нийтэд илэрхий болсон эх сурвалжид үндэслэсэн, эсхүл үнэн бодит баримтад тулгуурласан, эсхүл тухайн үедээ үнэн гэж итгэх бодит үндэслэлтэй байсан бол;
-Үйл баримтын шинжтэй мэдээлэлд үндэслэн илэрхийлсэн үнэн, худлыг тогтоох боломжгүй үнэлэлт, дүгнэлт, эсхүл уг мэдээллийн тоон утга нь бодит байдлаас зөрүүтэй боловч тухайн мэдээллийн үндсэн агуулга, утга санааг өөрчлөх хэмжээнд хүрээгүй бол;
-Нийгмийн сүлжээ, цахим хуудсанд бусдын нийтэлсэн мэдээллийн агуулгыг өөрчлөхгүйгээр дахин түгээсэн, эсхүл уг мэдээллийг тайлбартай нийтлэхдээ энэ зүйлд заасан зорилго, сэдлээр хувиргаж, баталж илэрхийлснээс бусад өөрийн хувийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлж түгээсэн, уг мэдээллийн доор өөрийн санал, сэтгэгдлийг бичсэн бол;
-Бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэсэн мэдээллийг олон нийтэд тараасан этгээд нь тухайн гэмт хэргийн талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэж, шалгагдаж байгаа эрүүгийн хэргийн гэрч болсон бол.
-Энэ зүйлийн тайлбарт заасан нийтийн албан тушаал эрхэлж байгаа, эсхүл эрхэлж байсан хүн нь өөрийн албан тушаал, чиг үүрэг, шийдвэр, үйл ажиллагаатай нь холбогдуулан олон нийтэд тараасан сөрөг мэдээлэлд тайлбар хийх үүрэгтэй бөгөөд уг мэдээллийг худал, хуурамч болох талаар үндэслэл бүхий тайлбарыг хийсээр байтал мэдээлэл тараасан этгээд нь энэ зүйлд заасан зорилго сэдэл, арга хэлбэрээр удаа дараа олон нийтэд тараасан бол энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
2/13.11 дүгээр зүйлийн 2.2 дахь заалт:
“2.2.хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор;”
2 дугаар зүйл. Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтын дугаарыг “2.3” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл .Энэ хуулийг 2026 оны … дугаар сарын …-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

