Эрүүгийн хуулийн 13.14.1-д Худал мэдээлэл тараахыг хуульчилж өгсөн байв. Гэвч энэ заалт нь хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэсэн тул уг заалтыг Эрүүгийн хуулиас хассан юм.
Гэтэл УИХ-аас ажлын хэсэг гарч ҮХЦ-ийн дүгнэлтэд тааруулан 14.10 Гүтгэх гэсэн заалтыг шинээр боловсруулан маргааш Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэх гэж байна.
Харамсалтай нь Эрүүгийн хуульд шинээр орж ирэх заалт нь нэр төр, алдар хүндийг хамгаална гэх ч бодит байдал дээр энэ нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах, цаашлаад эрүүгийн хариуцлагыг хэт өргөн хүрээнд хэрэглэх эрсдэлийг бий болгож байна хэмээн үзжээ. Түүний байр суурийг хүргэж байна.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээнд Гүтгэхийг гэмт хэрэгт тооцох шаардлагатай эсэх асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлье.
Онолын түвшинд авч үзвэл эдгээр харилцааг Эрүүгийн эсхүл Иргэний хуулиар зохицуулах эсэх нь маргаантай асуудал биш. Харин Монгол Улсын өнөөгийн нөхцөлд бодит хэрэгцээ, шаардлага байна уу гэдэг нь хамгийн чухал асуулт юм.
Эрүүгийн хуульд тусгаснаар нэр төр, алдар хүндийг хамгаална гэх ч бодит байдал дээр энэ нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах, цаашлаад эрүүгийн хариуцлагыг хэт өргөн хүрээнд хэрэглэх эрсдэлийг бий болгож байна.
Өнгөрсөн хугацаанд гарсан шүүхийн шийдвэрүүд, хууль хэрэглээний практик үүнийг хангалттай нотолж байгаа. Ялангуяа иргэд хоорондын ёс зүйн шинжтэй маргаан (гэр бүл, хувийн харилцаа, хайр дурлалын асуудалд) хүртэл төр эрүүгийн эрх зүйн аргаар оролцож, шийтгэл оногдуулж байгаа нь эрх зүйн зохистой тэнцвэр алдагдсаны илрэл юм.
Одоогийн Иргэний эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаа нь үнэн. Гэвч энэ нь заавал эрүүгийн хариуцлага руу шилжих үндэслэл болохгүй.
Харин ч эсрэгээрээ:
1. Иргэний хуулийн хамгаалалтыг илүү үр нөлөөтэй, шуурхай, бодит хохирол нөхөн төлүүлэх боломжтой байдлаар шинэчлэх;
2. Нэр төр, алдар хүндийн маргааныг эрүүгийн биш, иргэний журмаар шийдвэрлэх тогтолцоог бэхжүүлэх (нэхэмжлэгч тал нь нотлох, улсын бүртгэл үнэн зөв байх зарчим) нь илүү оновчтой шийдэл юм.
Энэ нь ганц хувь судлаачийн байр суурь биш. Олон улсын хүний эрхийн нийтлэг зарчим, стандартад нийцсэн, дэлхийн улс орнуудын чиг хандлагад суурилсан “сонгодог” шийдэл юм. Юнескогийн болон манай байгууллагын албан ёсны байр суурь ч ийм.
Ажлын хэсгийн зүгээс иргэний журмаар шийдвэрлэх хувилбарыг төдийлөн дэмжихгүй, эрүүгийн зохицуулалтыг хадгалах хандлага давамгайлж байна.
Ийм нөхцөлд хамгийн багадаа:
1. Эрүүгийн хариуцлагын хүрээ хязгаарыг тогтоох; (Энэхүү төсөлдөө тогтоосонгүй, харин ч хатуухан хэлэхэд үерийн ус эргээ халих мэт хэтэрхий өргөжүүлж)
2. Зөвхөн ноцтой хор уршиг, нийгмийн аюултай тохиолдолд хэрэглэдэг байх; (Ямар ч шаардлагагүй хүндрүүлэх 5 бүрэлдэхүүний алийг нь ч хүлээн зөвшөөрөмгүй)
3. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах баталгааг тодорхой болгох
зэрэг тэнцвэрийг барих зохицуулалт зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
Аутентик тайлбарууд нь бас арай л юм даа. Товчхондоо энэ төсөл дээр нь ярилцах, санал шүүмжээ өгөх боломж алга.
Ямар хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг биш хүний хувийн, улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн бүлэгт оруулж байгаа нь сайшаалтай юм гэлтэй нь биш дээ.
Холбоотой мэдээлэл:

