Лаврын навч нь таны хоолыг амттай болгохоос гадна эрүүл мэндэд онцгой тустай болохыг та мэдэх үү? Онцгой, хурц үнэр болон амттай тус ургамал нь олон төрлийн өвчнийг анагаах увдистай гэдгээрээ алдартай юм. Тэгвэл хамтдаа лаврын навчаар ямар өвчнийг хэрхэн эдгээх тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцъя.
Лаврын навчны бүтэц
Лаврын навч нь А, С, В витаминаар баялаг төдийгүй селен, манган, магни, фосфор, кали, кальци, зэс, бусад олон төрлийн эрдэс бодисыг өөртөө агуулдаг байна. Үүнээс гадна лаврын навч нь эслэг, органик хүчил, эфирийн тосоор баялаг гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.
Лаврын навчны ашиг тус:
Бие махбодыг төгс ариутган цэвэрлэх хүчтэй нэгэн төрлийн ариутгагч бодис юм. Цэр ховхлох тустай тус навч нь ханиад томуунаас түргэн салгана. Мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй тул арьсыг хамгаална. Дархлааны системийг сайжруулна. Витамины дутагдалд орохоос сэргийлнэ. Үе мөч, булчинд мэдрэгдэх өвдөлтийн хам шинжийг арилгана. Бие махбодыг цэвэршүүлж, биеэс давсыг гадагшлуулна. Цусны эргэлтийг сайжруулна. Шарх сорвийг эдгээнэ. Шээс хөөж, хаван үүсэхээс сэргийлнэ. Хоол боловсруулалтыг сайжруулна. Сэтгэл санааг тайвшруулна. Нойргүйдлийг эмчилнэ. Хорт хавдраас сэргийлнэ.
2 Лаврын навчны сөрөг тал
Бид та бүхэндээ лаврын навч нь биед хэчнээн тустай болохыг дээр дурдсан. Гэхдээ үүнийг хэтрүүлэн хэрэглэх нь танд харшилж, эсрэгээрээ эрүүл мэндэд тань аюул учруулж мэдэх юм.
Ходоод гэдэсний замын өвчин
Элэг гэмтэх, бөөрний дутагдалд орох
Нойр булчирхайн үрэвсэл
Архаг өтгөн хатах
Лаврын навчны эмчилгээний ид шид
Одоо харин хамтдаа лаврын навч нь ямар өвчинд хэрхэн нөлөөлдөг болохыг мэдэж авцгаая.
1. Стресс бухимдлыг арилгана
Дотор тань давчдаж, тайвширч чадахгүй байвал, хэдэн ширхэг лаврын навчийг шатаан, гүнзгий амьсгаа авч, 15-20 минут суугаарай. Лаврын навчнаас гарах үнэр таныг тайвшруулж, сэтгэл санааг дэмжих аж.
2. Цэрийг гадагшлуулна
Хүнд хэлбэрийн ханиад хүрсэн үед, уушгин дахь цэрээ гадагшлуулах гэж бид үнэтэй эм тариа хэрэглэх болдог. Харин та одооноос лаврын навчны тусламжтайгаар, цэрээ амархан гадагшлуулж чадна. Ингэхийн тулд мөн л лаврын навч шатааж, үнэртэхэд хангалттай.
3. Хоол боловсруулах системийг сайжруулна
Хоол боловсруулах систем муутай буюу идсэн хоол нь шингэдэггүй, үргэлж дотор нь муухайрч явдаг хүмүүс лаврын навчийг хэрэглээд үзээрэй. Та хоолондоо багахан лаврын навч хийн, амт оруулж идэж байгаарай. Ингэснээр таны хоол боловсруулах систем сайжирч, хоолыг амархан шингээх болно.
4. Зүрхний үйл ажиллагааг дэмжинэ
Лаврын навч нь судасны ханыг цэвэрлэж, цусны эргэлтийг сайжруулах аж. Үүнээс гадна зүрхний үйл ажиллагааг дэмжиж, төрөл бүрийн зүрх судасны өвчнөөс сэргийлэх тустай. Та ердөө л бэлтгэж байгаа хоолоо багахан лаврын навчаар амталж идсэнээр, зүрхээ хамгаалж чадна.
5. Үе мөчний өвчнөөс сэргийлнэ
Голландын судлаачдын үзэж байгаагаар, лаврын навч нь үрэвслийн эсрэг шинж чанартай тул, үе мөчний өвчнийг эдгээж чадах аж. Хэрвээ таны үе мөчөөр өвддөг бол, лаврын навчны тосыг тухайн хэсэгтээ түрхэх хэрэгтэй. 15-20 минутын дараа гэхэд өвчин нь намдах болно.
6. Шээсний замын өвчинг эмчилнэ
Шээсний замын өвчнийг анагаах хялбар аргуудын нэг бол лаврын навчийг ашиглах юм. Та нэг стакан сүүнд 1 цайны халбага нухсан лаврын навч хийж, үүнээсээ өдөрт 1 халбагыг уугаарай. Хэдэн өдөр ингэж ууснаар, шээсний замын үрэвсэл эдгэрэх аж.
7. Бөөрний дутагдлыг эмчилнэ
Бөөрний дутагдлын үед кофе бутлагчид лаврын навчийг хийж бэлтгэнэ. Үүнээсээ 1 цайны халбагыг буцалсан 2 аяга усанд дээр хийж, ахин 10 минут буцалгах хэрэгтэй. Шүүсээ сэрүүн газар тавьж, 2 цагийн дараа ууна. Ингэхдээ та өдөрт 1 цайны халбагыг л уухад хангалттай юм.
8. Хайрст үлдийг эмчилнэ
Та хайрст үлдийг эмчлэхийн тулд 10 ширхэг лаврын навчийг, 500 мл усанд хийж буцалгаарай. Үүнийгээ 2 цаг сэрүүн газар байлгасны дараа, хоол идэхээс өмнө өдрийн гурваар, тал аягийг уух хэрэгтэй
9. Батга, нөсөө толбыг арилгана
Батга, нөсөө толбо арилгахыг хүсвэл 25 ширхэг лаврын навчийг хагас аяга усанд хийгээд буцалгаад 4 цаг хандлана. Уусмалаар өдөр болгон нүүрээ арчиарай.
10. Чихрийн шижинтэй тэмцэнэ
Эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаанаас харахад, лаврын навч нь цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлж чадах аж. Та 10 ширхэг лаврын навчийг 3 стакан бүлээн усанд хийж буцалгаарай. Дараа нь 3-4 цаг сэрүүн газар тавьж хөргөнө. Үүнийгээ долоо хоногийн турш өдрийн гурваар, 100 мл-ийг ууна.
11. Гайморитийг эмчилнэ
Хамрын дайвар хөндийн идээт үрэвсэл болох гайморитийг лаврын навчны тусламжтайгаар эмчилж болно. 10 ширхэг лаврын навчийг 1 литр усанд хийж, 5 минут буцалгаарай. Дараа нь үүндээ нүүрээ ойртуулж, хамраа утах хэрэгтэй. Ингэхдээ толгой дээгүүрээ алчуур тавихаа мартуузай. Өдөрт 2 удаа тус аргыг хэрэглэнэ.
12. Шүдний өвдөлтийг намдаана
Шүд тань өвдөөд зовоож байна уу? Тийм бол лаврын навчийг хэрэглээд үзээрэй. Кофе бутлагчид лаврын навч хийж бутлаад, үүнээсээ 2 халбагыг нэг стакан усанд хийх хэрэгтэй. Усаа буцалгаад, 5 минут хөргөнө. Үүгээрээ 15 минут тутамд амаа зайлж, өвдөлтөө намдаагаарай
13. Шавжид хазуулсан шарх эмчилнэ
Зөгий, шумуул, соно зэрэг шавжид хазуулсан тохиолдолд, лаврын навчны тусламжтайгаар өвчнөө анагааж болно. Та лаврын навчийг зажилж, хазуулсан хэсэгтээ тавиарай. Ердөө ганцхан цагийн дараа гэхэд өвдөлт, загатнах нь намдаж эдгэнэ.
14. Стоматит буюу амны шархыг эмчилнэ
Хэрвээ таны ам гэмтэж, шархлаа үүссэн бол өглөө, оройдоо нэг ширхэг лаврын навчийг зажлаарай.
15. Хагийг арилгана
Хагийг арилгахын тулд лаврын навчны тосыг, жожоба тостой хольж хэрэглэнэ. Үүнийгээ хуйхандаа түрхэж, 40-60 минут байлгаарай.
Мөн та өөрийн хэрэглэдэг шампуньдаа багахан лаврын навчны тос хийн үсээ угааж болно.
Үүнээс гадна 10 ширхэг лаврын навчийг 1 литр усанд хийж буцалгаад, үүндээ үсээ угааж, хагнаас салах боломжтой.
16. Чихний үрэвслийг эмчилнэ
Чихэнд үрэвсэл үүсэх нь маш аюултай тул үргэлж эмчийн хяналтад байх шаардлагатай. Хэрэв эмч зөвшөөрвөл, та лаврын навчийг ашиглаж, чихээ эмчилж болох юм. 10 ширхэг лаврын навчийг 200 мл халуун усанд хийж, 5 цаг байлгаарай. Дараа нь үүнээсээ 2-3 дуслыг чихэнд дусаах эсвэл шүүснээс хөвөнд шингээж, чихэн дээрээ жин тавьж болно.
17. Хөлний мөөгөнцрийг эмчилнэ
Хэрэв таны хөлөнд мөөгөнцөр үүсэн бол, 10 ширхэг лаврын навчийг 500 мл усанд хийж буцалгаарай. Үүнийгээ хөргөж, дотор нь хөлөө дүрж, 20 минут байх хэрэгтэй. Долоо хоногт 3-4 удаа тус аргыг хэрэглэснээр, хөлний мөөгөнцөр арилж эдгэрнэ.