Сүүлчийн замд нь үдэхдээ ч сүрэглэн дайрсаар дуусах уу
Засварын газраас бизнесээ эхэлсэн Г.Батхүүгийн тэргүүлдэг АПУ, Шунхлай тэргүүтэй найман компани шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн 15 дугаарт бичигдсэн байдаг. Түүний олон жилийн турш тасралтгүй төлсөн татвараар цалинжиж, амьдралаа залгуулсан хэдэн зуу, мянган айл бий. Тийм атал өнөөдөр хоолыг нь идсэн тогоо руугаа нулимав. Г.Батхүүгийн “Толин хул” дууг сонсон эр хүн шиг эрвэлзэж, эмээлт морь шиг дэрвэсэн хэдэн үеийнхэн бий. Тийм атал өнөөдөр аялгуу дуу, агт морьд руугаа нулимав.
Түүний энэ цаг үед авчрах гэж тэмүүлсэн хурдан морь уях, сойх, уралдах уламжлалаас суралцан, их түүхийнхээ тасархайг эргүүлж шүүрсэн олон монгол хүн бий. Тийм атал өнөөдөр улдсан уламжлал руугаа, сэрсэн бахархал руугаа нулимав. Түүний эгнээнд нь багтаж, эв эеийг хичээж, эхлүүлж өрнүүлж чадсан ардчиллын үр шимийг хүртэж, хэвлэн нийтлэх, хэлэх ярих эрхээ эдлэн, улс дамнан нисч, ажил бизнес амжилтаа бүтээсэн олон залуу бий. Тийм атал өнөөдөр оршихуй руугаа нулимав. Хаа сайгүй тааралдах ганц л үг, өгүүлбэрээр түүнийг гутаах гэж сүрэглэн дайрахыг харав. “Олон айлыг нус нулимстай нь хутгасан нүгэлтэн…” гэж ирээд л амьдарсан шиг амьдарч, хийсэн шиг хийсэн хүнийг үгүйсгэн гутааж, үгээр дайрч суугаа тэр хүмүүс аав, ах, дүү нартаа дэлгүүрээс архи авалгүй гарахыг шаардахгүй яагаа вэ?
Идээний дээжийг тааруулан ууж, тамшаан хүртэх соёлд тэднийгээ сургахгүй яасан юм бэ? Энэ улсад архи зарахаа больчихвол эдгэнэ гэнэ үү?
Ахуйн хий үнэрлэж, гутлын цавуу идэж, нойрсуулах эм зажилдаг хүмүүсийн өмнөөс нөгөөх хий, цавуу үйлдвэрлэгчид ял үүрэх үү? Унаж байсан салбарыг урагш залж, ундаа архийг урлаг болтол хөгжүүлсэн АПУ-гийн бүтээгдэхүүнээр гадна дотныхны өмнө гайхуулдаггүй, гар цайлган бусдад барихдаа бахархдаггүй хүн үгүй. Олон улсын фестивалиас Монголын АПУ медаль авч, монголчуудын эрхэмсэг хэрэглээг гайхуулсан олон олон амжилтыг хүмүүжилгүй архичид, хөгийн донтонгуудаас болж гутаасаар, үгүйсгэсээр л суух уу?
Аливаа юмны хандлага өнөөдөр ямар болсныг энэ эгэл аав, энгүй сэтгэлт эр хүнд тохиолдсон гэнэтийн үхэл харууллаа. Хэдхэн хоногийн өмнө Солонгост бүрэн шинжилгээ өгсөн, зүрх даралт нь хэвийн атал гэнэт яагаад амиа алдав. Хурц ирмэгтэй зүйлээр дагз руу нь цохиод гурван давхрын шатнаас түлхсэн байж болох эхний таамгийг сайтууд нийтэлж байна. Төрийн ордноо бүрэн камержуулаагүй гэдгийг эндээс мэдэв. Төрдөө бараалхах гэж ордны босгоор амьд алхаж орсон хүн үхсэн олдохыг харав.
Нас барсных нь дараа олноороо сүрэглэн дайрч, цаст уулын арслангаар цадахаа мэдэхгүй хооллохыг үзэв. Монголчууд хэчнээн ядарсан ч сэтгэл зүрх, сэрэхүй оршихуй руугаа нулимж байгаагүй. Хэчнээн мууг үйлдэж, мунхагийг дагасан ч нэгнийхээ төрөх, үхэхэд хүндэтгэл үзүүлж, хүрэл зүрхээ чичрүүлэн байж хуваалцаж ирсэн ард түмэн. Г.Батхүүг амьд байхад нь зовлондоо жийрэг, жаргалдаа ташуур болгосон хүн ч олон, амьдрал, бизнесээ эхлүүлэхдээ аав шигээ түшсэн нь ч олон. Тэгвэл одоо хүн сүрэг энэ хүний сүүлчийн замыг тосон шүлсээ үсчүүлж байна. Үхэл нь тодорхойгүй, үдэх зам нь шүлстэй…бид яг хаашаа яваад байна вэ?
Би, чи, бид яг хэн бэ?
Монголчууд юм уу?
Үхсэний чинь дараа үзвээс сүрэглэн дайрч, үмхлэн хооллогсдыг бий болгосоор байвал миний, чиний, бидний сүүлчийн зам яг л ийм байх болно. Бүр үүнээс ч дор байх болно. Учир нь, хүн болгон Гаваагийн Батхүү шиг хийж бүтээж, нөхөрлөж, элгэмсэж, уйлж, урсаж, өндийж, зориглож амьдардаггүй юм! Дэлт адуугаа хараад дэрвэлзэж чаддаг, улдсан эх орон, нурсан уул талаа хараад нулимс унагаж чаддаг эр хүнийг хайрладаггүй юм гэхэд хүндэлж үд. Эргээд харахад энэ хүн биш, бидний хүн чанар, ёс суртахуун үхчихэж, үүндээ учир нь байна.