Хархан багын минь шүтээн, Халхын домогт дуучин Ш.Чимэдцэеэ эгчтэй тохой нийлэн сууж, номоо зарах юм гэж санаж, зүүдэлж ч явсангүй. Урьд жилүүдийн номын баяраар Чимэдцэеэ эгч ахмад зохиолчдын асарт ном, цомгоо зарж суугаа харагддаг л байв. Гэтэл, энэ жил сандчиж гүйсээр асаргүй хоцорчихож. “Шүүдэрээ, эгч нь танай асарт толгой хоргодож болох уу?” гэж өмнөх өдөр нь асууж байна. Асуух юун билээ дээ. Ардын жүжигчнээ алга дэлгэн хүлээж авалгүй яахав дээ. Ингэж бид хоёр гурав хоног бөөр нийлэн суув. Ардын жүжигчиндээ ард олон нь үнэнхүү хайртай юмаа. Асар маань гурав хоног хөлд дарагдаж, бид хоёр аяга цайгаа хувааж уун, алаг чихрээр биенээн дайлж, сэрүүн өдөрт дан тэрлэгтэй ирсэн Чимээ эгчид илүү нөмрөгөө өгч сайхан дурсамжтай өдрүүдийг үдлээ.
Зураг шиг цэвэрхэн шавь хүүхнүүд нь дээл хувцсыг нь зөөж, данс тооцоог нь хөтөлж, шүтэн бишрэгчид нь зураг хөрөг даруулна хэмээн аягын чинээ асрыг минь өргөчих шахна. Миний уншигчид ч бас шавж, “Тэнгэр ээж минь өршөө” цомог “Уулсын домог Хотулун” романтай зэрэгцэн тавигдсан нь надад гайхалтай, бахдалтай ч байлаа.
Намайг арван тав зургаатайд дарьганга эхнэрийн өвч бүрэн хувцастай, алаг нүдэн гоё хүүхний зурагтай өнгөт хуанли айл бүрд байдаг байсан нь уртын дуучин Чимэдцэеэ байв. Тэр үед сэнтийдээ залрах цэнхэр дээлтэй Мандхай, дарьганга хийцийн толгойн шүрэн чимэгтэй цэл залуухан Чимэдцэеэ, сансрын нисэгч Ж.Гүррагчаа гурвын зурагтай хуанли хамгийн элбэг байж дээ.
Сая гурван хоног нэг асарт суухдаа би түүнээс “Таны зурагтай календарь 1987,8 оных уу?” гэж асуувал тэрээр ээмэгнийхээ унжуургыг засангаа “83 оных шүү дээ, хүүхэн минь” гэв.
Пээ базарваань, урт сормосогт алаг нүдээ гайхуулсан Чимэдцэеэ дуучин бүх ард түмний урлагийн үзлэгээр шалгаран од болж байх цагт би бага ангид нусан буу явжээ.
Тэр цагаас эдүгээг хүртэл, уудам талын энгээр хязгааргүй холхид хангинах цээлхэн атал, намбалаг донжоор Уяхан замбативийг цочоон хангинасан уртын дууны мастер Чимэдцэеэ дуучин Ардын жүжигчин, ардын дуу судлаач, хорь гаруй цомгийн эзэн болтлоо урлагийн тайзан дээр гунхалзсаар л явнам.
Хожим, 1995-6 онд намайг “Ардын эрх” сонинд сэтгүүлчээр ажиллаж ахуйд тэрээр УГЖ байхдаа “Хоймор” булангийн зочноор уригдаж бид асуулт бэлдэцгээн бөөн юм болов. Одоогийнх шиг дуртай бүхэн сошл-оор од болчихдог үе ч биш байж. Чанартай, чадвартай од шиг од цөөхөн ч байж. Дөч дөнгөж хэвийж яваа голшигхон Чимэдцэеэ эгч гунхсаар сонин дээр ирж эрхлэгчийн өрөөний хойморт морилоход, дарга нар дээгүүрхэн сууж, залуу сэтгүүлч бид үүд хавиар л алдарт дуучны барааг нь харан баясч, биширч явлаа. Тэгэхэд, төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины “Хоймор” булан жилд хэдхэн л удаа гарч, од шиг од л уригддаг байв даа. Тэр жил хөгшин ээж минь бурхан болж, эмээгээ хөдөөлүүлээд удаагүй байхдаа ханьтайгаа хамт Үйлдвэрчний соёлын төв ордонд Ш.Чимэдцэеэ дуучны тоглолтыг үзэн “Үүрийн шаргал гэгээтэй
Урьтан золгох энгэрт
Үлдэж хоцорсон ээжээ
Байн байн санах юм…” гэж гэгэлзүүлэн цангинуулахыг нь чихээр дамжин сэтгэлдээ сонсч, хагацалд унасан эмзэг зүрх шархиран, нулимсаа бөмбөрүүлэн сонсч суусан юм.
Нэгэнтээ тэрээр, сонинд “Миний ижий жаргалаа олонтой хуваалцаж, зовлонгоо нууж яваарай гэж захисан” хэмээснийг нь би үргэлж санаж явдаг. Мөн, нэг амралтаараа нутагтаа харьж, ижийгээ баярлуулах санаатай өглөө үүр цайхад шүүдэр цуглуулахаар гараад шанаганы ёроолоор л жаахан юм авчран аяганы тал хүрэхгүй цай чанаж өгөхөд ижий “Шүүдэр цуглуулж яах нь вэ. Дуугаа сайхан дуулж, ажлаа сайн хийж явахад л ачийг минь хариулж байгаа нь тэр” гэснээс би “Тэнгэр ээж минь өршөө” дууныхаа шүлгийг бичсэн юм гэж ярьсан байдаг юм. Тэр дуу нь өдгөө эхийн тухай сүлд дууллын нэг болон мөнхөрлөө дөө.
Он жилүүд өртөөлөн одсоор залуу насны минь олон дурсамж түүний дуунуудтай хамт сэтгэлд хадагдан үлдэж, домогт Чимэдцэеэ Ардын жүжигчин болов.
Гурван жилийн өмнө нурууны өвчтэй Ундрал охины нэг удаагийн хагалгааны зардлыг цуглуулахаар “Гэрэлт зүрх” хандивын тоглолт хийх болж алдартнуудыг гуйж явахад Ардын жүжигчдээс Чимэдцэеэ эгч хамгийн түрүүн зөвшөөрч уриалгахан гэгч нь дуулж өгч билээ. Алт шиг сэтгэлийг нь таньснаас хойш бид хоёр улам ч дотноссон. Дараа нь бэр нь өвдөж, сэтгэл хөндүүртэй явааг нь мэдээд тоглолтын зарыг нь шэйрлэн, хэрдээ л нэмэр болохсон гээд явж байхдаа Эх дагины тухай “Хүйлэн огторгуйн заадас” номын хурим дэглэх болов. Зав зай муутай ядаж байхад нь номын баяр гэж үймүүлээд яахав гэж бодож явсан над руу Чимээ эгч өөрөө чат бичиж, эгч нь очиж дуулж өгөх үү? гэв. Номын дэлгүүрийн бачимхан танхимд таны хоолой “багтахгүй дээ” гэхэд, тэгвэл эгч нь очиж баяр хүргэнэ гэсээр бөөн ном цомгоо бэлэг болгон боож бариад ирж билээ.
АЖ Ш.Чимэдцэеэ гэж зүгээр нэг дуучин биш, Ардын дуу судлан доктор цол хамгаалж, арваад ном бичиж, ардын, уртын зохиолын дууны хорь гаран цомог, DVD-гээ өөрийнхөө зардлаар бүтээсэн домогт дуучин, урлаг судлаач юм. Олон жилийн өмнө гэр бүлтэй хүн салгаж суусан энэ тэр гэж чих дэлсч л байсан. Амьдралын нугачаан дунд өнөөдөр ханилсан хань нь хуншгүй загнасныг бүгд сонслоо. Гэлээ гээд, халхын алдарт дуучин, энэ цагийн уртын дууны хатан хааны сэнтийгээс энэ хүнийг хэн ч буулгаж дөнгөхгүй. Чадах ч үгүй.
Тээж төрүүлсэн ачийг тань ээ
Тэтгэж асарч хариулаагүй
Тэнэгхэн үр намайгаа
Тэнгэр ээж минь өршөө, өршөөгөөрэй…
Хоолойн бяд гайхуулж, үлмэдэгхэн шуранхайлан хангинах гайхамшигт хоолой нь эгшиглэн, эхийн ачийг ухааруулан хангинах, Уяхан замбативийг уртын дуугаар уяраасан тал нутгийн дууч шувуухай Шарын Чимэдцэеэ Монголд ганц. Хоолойн гайхамшигтайг нь, хайлган сэтгэл, уртын дуунд зориулсан нэгэн насны амьдралыг нь биширмү. Бусад нь надад ч, танд ч ер хамаагүй. Дуундаа жаргаж яваа, дуу шиг сайхан Чимэдцэеэ эгч…
Дашрамд, хайртай дуучнаа дэмжиж ном бүтээлийг нь авсан бүх хүн, урлагийнхан, Ардын жүжигчин Самбуугийн Сарантуяа, дуучин Ану, Нара Munkhtur Narantuya Nara , ноён Бондгор нарын залуустаа Чимээ эгчийнхээ өмнөөс мэхийн талархму.
Shuudertsetseg ???
1 сэтгэгдэл
Сайхан