Орхон аймгийн харьяат 25 настай Д.Найдансүрэн 2018 оны наймдугаар сарын 06-ны өдөр гэрээсээ гарч яваад өдийг хүртэл сураггүй алга болжээ. Тэрбээр гурван настай хүү, нөхрийн хамт амьдардаг байсан аж. Бүсгүй тухайн өдрийн 15 цагийн үед хадам дүүдээ хүүгээ үлдээгээд, түр гараад ирье, хүнээс мөнгө авах юм гэсээр гэрээсээ гарсан аж. Түүний ээж Л.Хоролгарав манай редакцид хандсан юм.
-АМЬДЫН ХАГАЦАЛД АРВАН САР ТЭЛЧИЛЖ ЯВНА-
-Охин тань алга болсон талаар та анх удаа мэдээлэл өгч байгаа юм байна. Тухайн үеийн байдлын талаарх мэдээллээс яриагаа эхэлье?
– Баярлалаа. Үртэй үрээ алдсан эх хүн гэдэг ямар олиг байхав даа. Амьдын хагацалд арван сар тэлчилж явна, эгч нь. Би дөрвөн хүүхэдтэй, алга болсон охин бол миний том хүүхэд. Хүнтэй суугаад тусдаа гарсан байсан. Би охиноо алга болсныг 2018 оны наймдугаар сарын 07-ны өглөө 12 цагийн үед мэдсэн. Хадам ээж нь над руу залгаад “Охин өчигдөр гараад явсан байдаггүй” гэж хэлсэн. Тэгээд л би сандраад цагдаа дээр очоод, ах дүү нартаа дуулгаад хайсан. Одоо тэр өдрөөс хойш яг арван сар өнгөрч байна.
-Хамгийн сүүлд та охинтойгоо хэзээ холбогдсон бэ?
– Миний охин анагаахын дунд сургуулийн уламжлалт анагаах ухааны ангийг төгссөн. Тухайн үед энд нэг хувийн эмнэлэгт сувилагч хийж байсан. Наймдугаар сарын 04-ний өглөө ажлаасаа буух үеэр нь залгасан. Миний охин ээжийнхээ ажил дээгүүр ирээд яваач гэхэд нэг их удалгүй хүрээд ирсэн. Би цай хийж өгөөд ойр зуурын юм ярьж сууж байгаад харьж амарлаа гээд явсан. Миний муу охин тухайн үед их өрөвдөлтэй байсан л даа. Зургаан сарын эхээр төрөөд охинтой болсон ч наймхан хоноод хүүхдээ алдсан юм. Наанаа уйлаад гуньж гутраад байгаа нь мэдэгдэхгүй ч цаагуураа бол сэтгэл санаа нь хүнд явааг эх хүний зөн совингоор мэдэрч байсан. Би өөрөө нэг хүний ажлын байр түрээсэлж оёдол хийдэг. Дуртай цагтаа хаагаад гараад явчхаж болдоггүй учраас охиндоо тэр болгон цаг зав гаргаж чаддаггүй байсандаа одоо л харамсаж суух юм.
-Хүүхдээ алдсанаас хойш хоёр сарын дараа өөрөө сураггүй алга болжээ?
-Тийм ээ. Төрөөд яг найм хоноод тийм юм болсон. Цагдаа нар гэртээ нас барсан учир задлан хийнэ гэхэд ээж нь их дургүйцсэн юм. Иймхэн амьтныг минь яах гэж тэгж байгаа юм бэ гээд уйлахад нь би “за яах вэ миний охин, тэгдэг ёстой л юм бол тэрүүгээр нь л явъя” гэж хэлсэн. Дараа нь цагдаа нар нөхөртэй нь хамт дуудаад хоёулангийнх нь нүдэн дээр “Та хүүхдээ хөхөөрөө дарсан байх магадлалтай” гэж хэлсэн байдаг. Намайг оруулаагүй л дээ, тэр үед. Нялх биетэй, хүүхдээ алдаад хэдхэн хонож байгаа амьтан тийм үг сонсоод яаж харамсаж, өмөрсөн бол гэж бодохоор л гол зурагдаад байдаг. Нөхөр нь энэ тухай сонсоод “Чиний хариуцлагагүйгээс болжээ” гэж хэлсэн гэсэн. Миний хувьд цагдаа нарт их гомдсон. Хэдийгээр хүн ажлаа хийж байгаа ч гэсэн хүнд хэлэх, хэлэхгүй юм гэж баймаар даа. Ядаж төрсөн эх нь байхад, намайг дуудаад хэлж болно доо. Магадлалтай гэхээр бас яг тэгчихсэн, ингэчихсэн гэсэн үг биш биз дээ. Би бол охиндоо тийм зүйл тохиолдсон гэдэгт итгэдэггүй. Миний охин чинь өмнө нь нэг төрж өөрөө хүүхдээ өсгөсөн. Эмнэлгийн салбарт ажиллаж байгаа хүн аль аль талаас нь бодоход байж боломгүй л санагддаг. Яахав, тухайн үед охины минь амьдрал хэрүүл маргаантай, анхаарал халамжаар дутуу байсныг би сүүлд мэдсэн.
-Охин амьдралынхаа тэр болгон асуудлыг ээждээ ярьдаггүй байж?
-Залуу байхад тийм л байдаг даа. Би ч өөрөө ийм амьдралыг туулж ирсэн. Нөхрөө дотроо өмөөрч, хайрлаад амьдралдаа тохиолдох муу муухай зүйлийг гэр бүлээсээ нуудаг. Хэдий хоорондоо муудалцсан ч хань нөхрийг минь хүмүүс зэмлэх вий, сэтгэлд нь юм хийчих вий гээд л хамгаалаад хаацайлаад явдаг шүү дээ. Төрөөд ганц хоёр хонож байхад нь дүүг нь туслуулахаар явуулсан юм. Хүү маань эргэж ирэхдээ ах гэртээ их оройтож ирдэг болохоор эгч ганцаараа ядардаг юм байна гэж хэлсэн. Тэгээд санаа зовоод залгатал утас нь болдоггүй. Тэгж байтал харин “Ээжээ, та гайгүй сайн лам олоод өгөөч. Яаралтай” гэсэн мессеж ирсэн. Би сандраад нэг хүн олоод хамт очсон. Надад нэг их юм яриагүй. Дараа нь тэр өдөр нөхөр нь муудалцаад хоёр утсаа эвдээд, толио хагалаад нэлээд юм болсныг сонссон. Гурван дүүг нь хоолонд хүргэх гэж яваа ээжийгээ өрөвдөөд л миний охин зовлонгоо нууж ганцаараа үүрч явж байж.
-Охиныг алга болох үед нөхөр нь хаана байсан бэ?
-Одоо үеийн хүүхдүүд их сонин. Тэр үед манай хүргэн хот руу явж гадаад паспорт гаргуулаад ирж нэг хоночхоод урагшаа явсан байгаа юм. Хэн нь ч надад явлаа энэ тэр гэж хэлээгүй. Нөхөр нь эзгүй байсан болохоор хүүхдээ аваад хадам дүүгийндээ очсон байсан. Гарснаасаа хойш 20 минутын дараа хадам дүү рүүгээ залгаад “Тэнгис уйлж байна уу” гэхээр нь “Үгүй ээ, та хурдан ирээрэй” гэсэн гэдэг. Тэгээд дахиж утас нь холбогдоогүй.
-ХҮН БОЛГОН Л ХҮРГЭНЭЭ Л ШАЛГУУЛ ГЭЭД БАЙХААР НЬ ӨРГӨДӨЛ ӨГЧ ҮЗСЭН-
-Өмнө нь гэр орноосоо хэл чимээгүй явах энэ тэр тохиолдол байсан уу?
-Ер нь бол миний охин хүмүүжилтэй, амьдралын төлөө хүн. Шоу цэнгээн, найз нөхдийн уулзалт энэ тэр гэж явдаггүй. Харин хүүхдээ алдсанаасаа хойш хоёр удаа алга болсон. Нэг удаа 15 цагийн үед гараад байдаггүй, 23 цаг боллоо. Бид нар хайгаад сандраад явж байтал хадам нь ирчихлээ гэсэн. Гэрт нь очоод миний охин яасан юм гэхэд “Өндөр дээр сууж байгаад ирлээ” гэсэн. Дараа нь наадмаар бас нэг өдөр байдаггүй. Хайгаад байцгааж байтал нөхөр рүү нь нэг хүн залгаад Орхон гол дээр ийм хүн байна гэсэн. 70 гаруй км газар шүү дээ. Тэгээд очоод аваад яасан юу болсон гэхэд “Би гол дээр ирмээр санагдаад таксигаар ирсэн” гэж хэлсэн. Хүүхдээ алдсандаа харамсаад бачуураад муу охин минь яахаа мэдэхгүй л дотроо үхэж байсан байх. Тэр үеэр доод талынх нь эрэгтэй дүү ээж би эгчийг аваад нутаг явья сэтгэл санаа нь сэргэх байх гэсэн. Охинд хэлтэл “хөгшин ээждээ бэлэг сэлтгүй яаж очихов доо” гэсэн. Тэгэхээр нь охиноо ятгаад ээж нь чихэр энэ тэр бэлдээд өгье, миний охиныг мэдэж байгаа юм чинь ойлгоно гээд явахаар болсон. Яг дүүгээ явахаар болоод очтол гэнэт явахгүй ээ гэсэн.
-Тэр үед дүүтэйгээ явсан бол өдийд байдал арай өөр байж мэдэх л юм. Тийм үү?
-Дүү нь ч гэсэн тэгж боддог. Яагаад гэнэт больсон талаараа надад юу ч хэлээгүй. Эгч нь одоо бүх л юманд өөрийгөө буруутгаж суух юм даа. Яахав, би хэдэн хүүхдээ хоёр идүүлж хоосон хонуулаагүй ч бусдын адил эдэлдэг, хэрэглэдэг юмсаар миний охин дутуу гачуу явсан л байх. Өөрөө нэг тийм гүдэсхэн, амьдралын наадах цаадахыг сайн мэдэрдэг хүүхэд болохоор надад би тийм байна, ийм байна гэж юу ч хэлж байгаагүй л дээ. Одоо бодоход тэр хүнд өдрүүдэд л хажууд нь байсан бол гэж харамсдаг. Наанаа зүгээр л энгийн ярьж хөөрөөд ээж би зүгээр ээ л гэнэ. Тэгээд хүү нь гурван настай, тэрэндээ сатаараад л ажилдаа яваад байсан болохоор нэг талдаа санаа уужирчихсан байсан юм л даа. Хүүхдээ алдсаны дараахан хадмууд нь сэтгэл санааг нь засъя гээд Увс аймаг руу авч яваад ирсэн.
-Уучлаарай, охины аав нь гэж хүн байгаа юу?
-Хүүхдүүдийн маань аав 2014 онд салаад явсан. Таван толгой гэдэг газар л ажил хийдэг гэсэн.
-Охинтойгоо холбоотой байсан уу?
– Охинтойгоо нэг их ярьдаггүй байсан. Оюутан хүүтэйгээ бол ярьдаг.
-Цагдаа нар хэр ажилласан бэ?
-Тухайн үед Эрдэнэтийн бүх траншейгаар хайсан. Уначихсан юм болов уу л гэж бодоод Ус сувгийн газар хүсэлт гаргаад хайсан. Цагдаа нар хэрэг нээсэн хайж байна л гэж хэлдэг байсан. Одоо бол сураггүй. Тухайн үед утсыг нь шалгаж өгөөд гэж хүсэлт гаргаад хоёр сарын дараа хариу нь ирсэн. Олон танихгүй дугаар байсан. Тэр бүхнийг нь шалгахаар дандаа л хадмын талынх нь хамаатнууд байх юм билээ. Тэд тайлбарлахдаа охины утас сүлжээндээ үнэгүй ярьдаг учраас дүү нар нь хүмүүстэй ярьдаг байсан гэсэн. Мөн наймдугаар сарын 12-нд гутлын дэлгүүрийн урд талаар нэг охинтой явж харагдсан сураг бий. Харсан гэх хүн нь яг л мөн байсан даа гэдэг юм. Тэр хавийн камер зарим нь ажилладаггүй болохоор олигтой хөөчих сэжүүр гараагүй. Бусад хүмүүс цагдаад тийм асуудлаар хандаад, цагдаа дуудаж асуугаад л гэж ярьдаг. Мэдэхгүй ээ, надад бол цагдаа нар их л ойлгомжгүй ханддаг. Хүнд хэлэх ёстойгоо хэлэхгүй, ажил нь яаж яваад байгаа нь мэдэгдэхгүй.
-Одоо танд ямар бодол байна?
-Алдсан хүн арван тамтай гэдэг. Лам, бөөгөөр л их явлаа. Зарим нь дааж давшгүй өргөл барьц нэхээд аргалаад өгий л гэх юм. Хөхөөрөө далла гэсэн. Ажил дээрээ хөхөө хүртэл гаргаад даллаж үзсэн. /уйлав/. Хүн болгон л хүргэнд чинь асуудал байгаагүй биз гээд байхаар нь цагаан сарын дараа шалгаж өгөөч гэж цагдаад өргөдөл өгсөн. Дуудаад шалгалаа л гэсэн.
-Хүргэн тань тантай холбоотой байдаг уу?
-Эхэндээ ч бүр харьцахаа больчихсон. Би хатуу хөтүү амьдрал туулсан болоод ч тэрүү юманд их хүлээцтэй ханддаг хүн. Өрөвдөөд л байдаг, хүргэнээ. Энэ явдалд бид хоёрын дайтай зовж байгаа хүн байхгүй дээ л гэж боддог. Өнгөрсөн 10 сард гэр орноо зарчихсан байсан. Тэгээд залгахаар утсаа авахгүй. Харин өргөдөл өгснөөс хойш надад арай нааштай хандах болсон. Арваад хоногийн өмнө нэг орой ирээд хоёулаа жаал ярьж суулаа. Би “Ээж нь ч одоо цөхөрч байна. Нэг хүнээс асуулаа, охин тань одоо хорвоо дээр байхгүй” гэж хэлсэн гэхэд би итгэхгүй байна гэсэн. Хүргэн тэгэхэд яаж ч зовж яаж ч явсан гэсэн би амьд байгаа, нэг л өдөр гараад ирнэ гэж боддог гэж хэлсэн. Эгч нь одоо сүүлдээ дотроо бачимдаад муу охин минь ус руу орчихсон юм болов уу гэж бодох болсон. Гэтэл хаа нэгтэйгээс аль нэг юм нь ч гэсэн гараад л ирмээр юм гээд бас эргэлзэх юм.
-Дүү нар нь ямархуу байдалтай байна?
-Хэцүү шүү дээ. Том эгч нь, миний охин чинь дүү нартаа их түшигтэй хүүхэд юм чинь. Оюутан хүү рүүгээ нэг орой залгахад “ээжээ би гадаа зогсож байна” гээд уйлаад байсан. Эгчийгээ санаад, санаа нь зовоод багтарч байгаа байхгүй юу. Одоо нэг хөөрхөн найз охинтой болсон болохоор миний хүүг сайн анхаараарай гээд утсаар захидаг.
-Зээ хүүтэйгээ та уулздаг уу?
-Өнгөрсөн гуравдугаар сард аав нь авч ирж хэд хонуулсан. Би ч харснаасаа хараагүй нь дээр гэж боддог. Харахаар өрөвдөөд уйлж орилох гээд байдаг. Миний эх эгч нар надад “Тэр хүүхдийг битгий аваарай. Муу юм боллоо гэж бодоход аав ч үгүй, ээж ч үгүй болно. Аавтайгаа байсан нь дээр” гэж хэлдэг.
-Ажлынх нь газартай холбоотой байдаг уу?
-Нэг их харилцаад байдаггүй. Өнгөрсөн оны есдүгээр сарын дундуур Дарханд нэг сайн үзэж хардаг хүн байдаг гэхээр нь явлаа. Тэгээд мөнгө цаас дутах шинжтэй болохоор нь нэг эмч рүү нь яриад надад 100 мянган төгрөгний туслалцаа үзүүлж болох уу, ийм учиртай явах гэсэн юм гэтэл даргадаа хэлээд тэр дор нь шилжүүлсэн.
-Та хүмүүст хандаад юуг хэлмээр байна?
-Энэ бол одоо миний эцсийн алхам юмаа. Олон удаа бодсон, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаад үзвэл яадаг бол гэж. Нэг л өдөр сураг гараад, нэг л өдөр ороод ирэх юмшиг бодсоор арван сар өнгөрлөө. Миний охин Даваадоржийн Найдансүрэн 1995 оны нэгдүгээр сарын 22-нд төрсөн. Төлөв даруу зантай охин байгаа. Элдэв янзын муу хүмүүжил, зуршилгүй үг дуу цөөтэй нүдэнд дулаахан хүүхэд бий. Би та нарт яг алга болох үеийнх нь зургийг өгье. Миний охиныг харсан үзсэн энэ талаар ямар нэг юм мэдэж байгаа хүн байвал надад тус болж холбогдоорой гэж хүсэж байна.
/Д.Найдансүрэн гэрээс гарах үедээ зураг дээрх хувцас болон нүдний шилтэй гарч явжээ