-С.Амарсайханы сонголт буруу байсан гэдгийг Ерөнхий сайд дахин баталлаа-
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ажлаа авсан даруйдаа өөрийн хүмүүсээр багаа бүрдүүлж хоёр орлогч төслийн удирдлагын багийн дөрвөн даргатай болсон.
Тодруулбал,
1.Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогчоор Ж.БАТБАЯСГАЛАН,
2. Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.АНХМАА,
3.Инноваци технологийн хөгжил хариуцсан Төслийн удирдагчаар О.ХАЛИУНБАТ
4.Агаар орчны бохирдол хариуцсан төслийн удирдагч Д.МӨНХЖАРГАЛ
5.Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.ОТГОНСҮХ
6.Хот байгуулалтын асуудал хариуцсан Төслийн удирдагч О.МӨНГӨНШАГАЙ
нарыг тус тус томилсон ч эдгээр нэр бүхий хүмүүс бүгд асуудалтай гэдгийг уржигдар Ерөнхий сайд У.Хүрэлсүх дахин баталлаа.
Тухайлбал, түймэртэй селфидэж албан тушаалаа зарласан Агаар орчны бохирдол хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхжаргал ажлаа авсан даруйдаа Годойн ам, Шадавлинд гарсан түймрийн үеэр дүрэлзэн шатаж буй байшингийн өмнө өөрийнхөө зургийг авч шинэхэн албан тушаалаа гайхуулж олны шүүмжлэл хийгээд хотын дарга С.Амарсайханыг нүүр хийх газаргүй болгож байв.
Ингээд энэхүү дуулиан намжиж амжаагүй байхад Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нэгдүгээр орлогч дарга болонгуутаа ажилчдынхаа ордог байсан нойлын өрөөг өөртөө зориулан тохижуулж үнэтэй суултуур,плита, хаалгыг нь сольж хувьдаа жорлонтой болж нийгмийн сүлжээнд шуугиан тарьж бас л нөгөө муу С.Амарсайхан даргынхаа нүүр хийх газаргүй болгож байв.
Үүнээс хойш олон нийт С.Амарсайхан даргын томилсон дарга нарынх нь эрэлд гарч хэн нь хэн бэ гэдгийг ил болгож хүн тус бүрийнх нь үүх түүхийг илчилж байсан юм. Хэрвээ түймэр, жорлон гэх асуудлууд дуулиан тариагүй байсан бол хэл амтайхан томилогдсон хэдэн дарга нар тэгтлээ олны анхаарлын төвд орохгүй л байсан.
Ямартай ч дээрх хоёр эрхмийн араас зуузай холбон гишгэж буй нэг хүн нь Хүний хөгжил, Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа гэх хатагтай. Тэрбээр өнгөрсөн хүүхдийн баяр буюу зургаадугаар сарын 1-ний арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг ахалжээ. Гэтэл түүний зохион байгуулсан хүүхдийн баярын арга хэмжээ өмнөх жилүүдээс маш муу зохион байгуулагдаж талбай дээр тавьсан тайзны дэлгэц нь асахгүй, хөгжмийн тоног төхөөрөмжүүд нь байнга гацаж тэнд хуран цугларсан олон нийт хийгээд тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ч уур ундууцлыг хүргэснийг нуух юун. Аргаа барсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх тайзан дээрээс буухын өмнө хатагтай Ш.Анхмаагийн зохион байгуулсан энэхүү арга хэмжээг шүүмжилж “Дараа жил өндөр зохион байгуулалттай хийгээрэй” гэх шүүмжлэлийг хэлж байв.
Уг үйл явдлын дараа бид энэхүү арга хэмжээг ямар компани хийсэн талаар эрэл сурал хийхэд хатагтай Ш.Анхмаагийн найзын “Жи соундс” ХХК хийсэн аж. Үүгээр ч зогсохгүй хотын орлогч болсон Ш.Анхмаа хатагтай дарга болсон эр бяраа гаргаж нийслэлээс зохион байгуулдаг томоохон арга хэмжээнүүдэд найзынхаа компанийг оруулдаг тухайг эх сурвалжууд хэлж байсан юм.
Бид дараагийн дугаартаа түүний найзын компани болох “Жи соундс” ХХК нийслэлээс зохион байгуулагдсан ямар, ямар том арга хэмжээнд оролцож, хэдийн хэрийн төсөв мөнгө авсан тухайг мэдээллэх учраас энэ удаад нурших нь илүүц биз ээ.
Ямартай ч хатагтай Ш.Анхмаа энэ удаад С.Амарсайханы багт орж орлогч даргаараа үлдэхийн тулд журмын нөхдөөсөө нүүр буруулж түүнийг дэмжсэнээр Хүний хөгжил, Нийгмийн бодлого хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогч гэх албан тушаалыг шагнал болгон авчээ. Тэрбээр өмнөх хотын дарга асан Су. Батболдын орлогчоор хоёр жил гаруй хугацаанд ажиллахдаа олны танил болж чадаагүй ч нам дотроо танигдаж дээшээ яваа нэгэнд нь яаж тал засч албан тушаалд үлдэж хүрдгийг яруу тодоор харуулчихлаа гэхэд нэг их буруудахгүй болов уу.
Дараагийн эрхэм нь олноо “Петровис”-ийн Ж.Оюунгэрэлийн хүргэн гэдгээрээ алдаршсан О.Халиунбат. Тэрбээр Инноваци технологийн хөгжил хариуцсан Төслийн удирдагчаар торох зүйлгүйгээр томилогдсон нэгэн. Учир нь тэрбээр Ч.Амарсайханыг НИТХ-ын дарга байхад нь түүнтэй ойр шадарлаж бас бус ажлаа ч амжуулсан нэгэн. Учир нь О.Халиунбат нь “Петровис” компанийн “Redpoint” үйлчилгээг хариуцан ажиллаж байсан. Энэхүү бизнестээ дэмжлэг авахын тулд “Улаанбаатар смарт” картын захирлуудыг хөөрхөн шоглож зарим нэг өдөр тутмын сонинд томоос том ярилцлага өгч тэднийг муухай харагдуулах ажлыг хийж байв. Учир нь тэрбээр Ухаалаг Улаанбаатар төслийн ажлын хэсгийн даргаар ажиллаж байсан нэгэн.
Ингэхдээ “Улаанбаатар смарт” компанийн удирдлагуудыг муухай харагдуулж нийтийн тээврийн цахим карт руу өөрийн биенесээ зүтгүүлэхийг оролдож байв. Тухайлбал, тэрбээр ОХУ-аас 2-3 сая ам.долараар цахим картын программыг оруулж ирж, Смарт карт руу болон нийтийн тээвэр рүү шахах сонирхолтой байгаагаа хотын удирдлагуудад цухуйлгаад амжсаныг хэвлэлүүд онцолж байсан удаатай. Ямартай ч Монголын толгой баячуудын хүргэн тэрбээр нийслэлчүүдийн аж амьдралд оюун бодлоо чилээж тэдний төлөө унтах нойр, идэх хоолоо умартаж ажиллаж байгаа гэдэгт хэн ч итгэхгүй. Учир нь О.Халиунбат төсвийн цалин харж өнөө маргаашаа аргалсан нэгэн биш учраас маш том ашиг сонирхлын үүднээс НИТХ–ын төлөөлөгч болж улстөрчидтэй ойр шадарлаж хувийн бизнесээ цааш цэцэглүүлэхийн тулд энэхүү төрийн албаны сонголтыг хийсэн гэсэн үг.
Ийм л нэг нөхдүүд С.Амарсайханы багт ажиллаж журмын нөхдөөсөө урван байж ганцхан жилийн настай орлогч дарга гэх албан тушаалыг хаших болсон нь өрөвдөлтэй. Энэ бүхнийг мэдсэн Ерөнхий сайд уржигдар хотын дарга С.Амарсайхантай уулзахдаа “Орлогч нартаа нэн яаралтай арга хэмжээ ав, өөрчил” хэмээн үүрэг өгсөн. Учир нь иргэн Ж.Энхбат Ерөнхий сайдад шаардах бичиг гардуулж өгөхдөө “Айлын зуслангийн байшин шатаж байхад селфиддэг, өөрийнхөө хүүхдийн пионерийн зусланд ашиг сонирхлын зөрчлөөр гэрээ байгуулж мөнгө шилжүүлдэг, Авлига хээл хахуулийн хэргээр шалгагддаж байгаа. Шар айрагны шил хагалж бусдын биед халдсан зэрэг ёс зүйн доголдол гаргаж байсан нөхдүүд хотын орлогч даргаар ажиллаж байгаа” зэргийг дуулгасан юм. Энэ бүхнээс үүдэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр Хангарьд ордонд танхимынхаа сайд нарын хамтаар хүрэлцэн ирж ОВИЛГОГҮЙ ОРЛОГЧ дарга нарт нэн яаралтай арга хэмжээ авч өөрчил гэх үүргийг өгчихлөө. Тиймээс МАН–ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн энэхүү үүрэг даалгавар биелэх үү гэдгийг харах л үлдлээ.
Бид дараагийн дугаартаа дээр дурдсанчлан хатагтай Ш.Анхмаа болон Б.Отгонсүх, О.Мөнгөншагай нарыг Засаг даргын орлогч хийх хэмжээний хүмүүс мөн эсэх талаар мэдээллэх болно.
Р.Саруул