Амуу буудайн эх нутаг гэдгээрээ алдаршсан Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш. Оргилтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. Учир нь энэ онд Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой тохиож байгаа юм.
-Газар тариалан голлон хөгжүүлсэн аймгийн хувьд энэ жил тохиож байгаа Атрын 60 жилийг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа байх?
-Сэлэнгэ аймаг энэ жилийг “Бүтээн байгуулалт өрхийн аж ахуй”-н жил болгон зарласан. Үүний хүрээнд иргэдийг өрхийн үйлдвэрлэл буюу жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд нь орон нутгийн зүгээс дэмжин ажиллаж байна. Тухайлбал, 500 соорт газар тариалалт эрхэлдэг иргэнд хүнсний ногоогоо нэмж тарих, түүнийгээ боловсруулах, хадгалах зэрэг тулгамдсан асуудлын шийдлийг хамтдаа эрэлхийлж байна. Бид Цагаан сараас хойш бүх ажлыг Атрын 60 жилтэйгээ холбон явуулж байна. Энэ асуудалд Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас энэ ойд өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа. Одоогоор аймгийнхаа үндэсний их баяр наадмыг ирэх сарын 6, 7-нд зохион байгуулж, атрын 60 жилийн ойн баярын хүрээнд улсын цолтой бөхчүүдийг аймагтаа барилдуулж, газар газрын хурдан хүлэг, мэргэн харваачид цугласан наадмыг улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлаа хийж байгаа.
-Одоогийн байдлаар танай аймагт ямар, ямар бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна вэ?
-Улсын төсвийн болон аймгийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн ажлууд хийгдэж байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Мандал сум руу 22 км засмал зам тавихаар болсон. Төсөв нь шийдэгдээд тендер нь зарлагдаад явж байна. Мөн Сайханы хөтөл рүү найман км хатуу хучилттай засмал зам шинээр тавигдаж байна. Мөн Сайханы хөтөлийн хоёр өндөр хавцал дээгүүр 70 метрийн урттай, 30 метрийн өндөртэй шилэн тавцантай гүүрийг барина. Энэ бүтээн байгуулалтыг би Монголдоо анхдагч гэж үзэж байгаа. Шилэн тавцантай гүүрийг Сэлэнгэ аймагт үйл ажиллагаагаа явуулж буй томоохон компаниуд нийгмийн хариуцлагын хүрээндээ Сэлэнгэ аймгийн Тамгын газартай хамтарсан хөрөнгө оруулалтаар хийж байна. Энэ мэтчилэн бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимтэй өрнүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
-Шилэн гүүрний ажил хэдэн хувьтай явж байгаа вэ. Хэзээ ашиглалтад оруулахаар төлөвлөж байна?
-Шилэн гүүрийг ирэх 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Одоогоор зам засварын ажил явагдаж байгаа.
-Тариалалтын явц хэдэн хувьтай байна?
-Сэлэнгэ аймаг 17 сумтай. Үүний 16 нь газар тариалангийн бүс нутагт тооцогддог. Тэр ч утгаараа Монгол Улсынхаа үр тарианы 50-60 хувийг дангаараа хангадаг. Сумдад бол тариалалт жигд явагдаж байна. Атрын 60 жилээ өндөр их ургацтай, угтахын тулд иргэн бүр хичээнгүйлэн ажиллаж байна. Мөн хадгалалт сайтай, амт чанартай, хурдан болдог “Сэлэнгэ-V” гэх соортын төмсийг Улсын аварга “Элит үр” гэх компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад, зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүнийгээ нутгийн брэнд болгохоор төлөвлөж байгаа.
-Газар тариалангийн бүс нутагт тулгамддаг гол асуудал нь бэлчээрийн мал аж ахуй байдаг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ?
-Газар тариалангийн бүс нутаг гэдэг нь эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулан явуулахыг хэлдэг. Тэрнээс биш дан газар тариалангаа хөгжүүлээд малчид, мал аж ахуйгаа хайхрахгүй байна гэсэн үг бол биш юм. Энэ бол нэг жилийн дотор шийдэх асуудал биш. Магадгүй 5, 10 жилийн дараа малчид тариаланчид маань хоорондоо зохицож байж, бэлчээрийн мал аж ахуй Сэлэнгэ аймагт байхгүй болно. Ингэхээр малчид тариаланчид хоорондоо нэгэндээ тэжээлээ тавьж өгөөд, хоорондоо хэрхэн хамтарч ажиллаж байна вэ гэдгээс шалтгаална. Жишээ нь, арван үхрийг фермерийн хэлбэрээр эрчимжүүлээд явах нь зуун үхэр хариулснаас илүү үр шимтэй байна. Засгийн газар ч гэсэн маш нарийн дүрэм журмыг баталж өгөх хэрэгтэй байгаа юм.
-Сэлэнгэ аймагт үр тариа хадгалах нөөц газар хэр хүртээмжтэй байдаг вэ?
-Хангалттай нөөцтэй. Хадгалалтын тал дээр манай аймагт ямар ч асуудал байхгүй.
Т.Од
www.zaluu.com