Гэр бүлийн хүчирхийллийн асуудал дэлхийн улс болгонд бий. Улс болгон өөрийн түүх, уламжлал, ёс жаяг, хуулийн дагуу энэхүү таагүй үзэгдэлтэй тэмцдэг. Гэхдээ гэр бүлийн хүчирхийллийг дан ганц хуулиар, өөрөөр хэлбэл хөндлөнгөөс оролцон шийдэх боломжгүй. Хүчирхийллийн золиос болж байгаа хүмүүс өөрийн эрхээ хамгаалж сурах хэрэгтэй талаар их яригдах болсон.
Үүний нэг жишээ нь Мириам Гутьерресс гэдэг 36 настай испани бүсгүйн амьдрал. Тэрээр хоёр жилийн өмнөөс боксоор хичээллэж эхэлсэн ч багагүй амжилтад хүрсэн. Испани улсын нэрийн өмнөөс боскын олон улсын тэмцээнд удаа дараалан оролцож, 2019 оны дөрөвдүгээр сард Европын боксын холбооны хувилбараар явуулсан тулаанд түрүүлж тивийн аварга болсон эмэгтэй. Тэрээр одоохондоо нэг ч ялагдаагүй яваа. Түүнийг боксоор хичээллэхэд хүргэсэн түүх нь тун бодууштай гэж болохоор.
Мириам нь 18 настайдаа нөхөрт гарсан. Гэвч нөхөр нь туйлын харгис нэгэн байж таараад түүнд байнга гар хүрдэг байжээ. Нэгэн удаа найман сартай жирэмсэн байхад нь хэрцгийгээр зодож, хавиргыг нь хугалсны улмаас хүүхдээ дутуу төрүүлжээ. Мириам энэ тухай “Тэр намайг зодоод хэд хэдэн хавиргыг минь хугалсан. Гэхдээ тэр үед би өөрийнхөө тухай бус харин охины маань зүрх л битгий зогсоосой гэж бодож байсан” гэж дурсжээ. Хүүхэд нь тэгэхэд золоор мэнд гарсан. Мириам харин цаашдаа энэ бүх зодуурыг хүлцэнгүй тэвчихгүй гэж шийдээд боксоор хичээллэж эхэлсэн байна.
Хэрцгий нөхөр нь ахин гар хүрэх гэвэл эсэргүүцэх гэж л тэгсэн хэрэг. Ингээд боксоор хичээллэж эхлээд хэрцгий нөхрөөсөө салж, өөр сайн хүнтэй суугаад хүү төрүүлсэн. Үүний дараа спортооо орхиж хүүхдээ өсгөхөд анхаарал тавихаар шийдээд байтал дасгалжуулагч нь түүнд боксын ирээдүй бий гэдэгт итгүүлэн бодлыг нь өөрчилжээ. Тэр цагаас хойш Мириам нь мэргэжлийн боксд хүчээ үзэх болж, 11 удаагийн тулаан хийснээс нэг ч ялагдалгүй явна. Нэр алдар нь Испани даяар түгж, өөрөө боксын клуб нээсэн бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд бие хамгаалах хичээл заадаг болжээ.
Нэгэн тэмцээний үеэр хамт оролцсон тамирчид нь түүний тулааныг хараад “Хатан хаан” гэж нэрлэх болсон. Түүнээс хойш Мириам нь титэм зүүсэн эрслэнгийн шивээс нуруундаа хийлгэжээ. Тэрээр “Би эмэгтэйчүүдийг хүндэлж үздэг болгоно” гэж ярих дуртай.Нэр алдарт хүрсэн Мириам нь гэр бүлийн хүчирхийллийг зогсоох талаар яриа явуулдаг, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч болжээ.