“Намайг жимсний бялуу идмээр байна гэхэд аваад ирдэг. Идмээргүй байна гээд хаяхад ойлгох хүн хэрэгтэй.” гэдэг үгний тухай…
Энэ үг яасан алдартай юм бэ? Би бүр гайхлаа. Даанч буруу утгаараа алдартай юм байна. Энэ үгийг Харуки Муракамигийн “Норвегийн Ой” гэдэг номон дээр Мидори гэх охин хэлдэг.
Мидори бол амьдралын ухаантай, амьжиргаатай, хөдөлмөрч, сэргэлэн охин. Ээж нь эрт нас барж, аав нь орхиод Уругвай руу цагаачлахаар явчихсангэж хэлдэг ч үнэн хэрэгтээ ѳвчтэй байдаг. Эгчтэйгээ номын дэлгүүр ажиллуулж, хажуугаар нь их сургуульд сурдаг. Нэг өдөр Ватанабэтэй сууж байгаад дээрх үгийг хэлдэг. Гэхдээ Ватанабэ “Тийм зүйл гэж юу байхав дээ?” гэж эсэргүүцдэг. Харин Мидори цааш нь юу гэж ярьдаг гээч? Бас энэ үгийн жинхэнэ утга юу байв?
“Мидори минь, жимсний бялуунд дургүйг чинь мэдэх ёстой байсан юм. Намайг уучлаарай гэж хэлэх хүнийг би хайдаг” гэсэн байдаг. Сонин байгаа биз? Жимсний бялуунд дургүй хэрнээ идмээр байна гэж хэлнэ гэхээр хачин байгаа биз? Тэгэхээр Мидори зүгээр ч нэг энэ үгийг хэлээгүй. Миний хувьд, Мидори жимсний бялуугаар зовлон зүдгүүрийг зүйрлэсэн гэж боддог. “Би зовлон зүдгүүрт дургүй ээ, би хангалттай зовлон үзчихсэн. Нөхөртэй болж, хамт амьдарлаа гээд зовохгүй гэсэн баталгаа байхгүй ч хамтдаа амьдармаар санагдах, зовлоо гэхэд “Мидори минь, чи ингэж зовох ёсгүй хүн, намайг уучлаарай” гээд засаж залруулах эр хүн хайдаг” гэж хэлсэн юм шиг санагддаг. Яахав миний л бодол… Хэтрүүлж бодсон байж болзошгүй. Гэвч хэн ч дургүй зүйлээ идмээр байна гэж авчруулахгүй шүү дээ, бас Мидори ч тэгж хэлэх тэнэг охин биш.
Цаашаа Мидори маань ингэж хэлдэг. “Хүмүүс нэгэндээ аар саархан юмнаас болж дурладаг. Тэр аар саархан юм нь байхгүй бол дурлахгүй ч байж мэднэ.” Айхтар үг байгаа биз. Энэ бол Мидори жимсний бялуу зөөлгөх гэж хүнтэй суух хүн биш гэдгийн том баталгаа. Бас энэ үг Мидори зөвхөн жимсний бялууны талаар яриагүй гэдгийг нотолно. Хүмүүс нэгэндээ шалтгаантай дурладаг, тэр шалтгаан нь үгүй болчихвол дурлал нь ч дагаад алга болчихно. Тэгэхээр Мидори юу ч болсон, ямар ч цаг үед, үргэлж хамт байх хүнээ л хайж байсан гэх утга нь энд илэрнэ.
Шекспирийн хэлсэн “Шаардлага тавьсан хайр бол хайр биш” гэдэг үгээр төгсгөе дөө. Бас аливаа зүйлийг контекстнээс нь салгаж ойлговол буруу ойлголт гэх зүйл бий болно.