MNTM шоуны ихэр оролцогчийн нэг Г.Ижилцэцэг найз залуутай болжээ
Монголын загварын ертөнцөд цоо шинэ өнгө төрх, шинэ дүр бий болгох зорилготой “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлэгт ихэр эгч дүүс болох Г.Ижилцэцэг, Г.Ихэрцэцэг нар шилдэг 16-д шалгарч байлаа. Царай зүс, бие галбираараа ялгахын аргагүй адилхан ихэр бүсгүйчүүд Дорноговиос гаралтай. Нэвтрүүлгийн финалд эгч Г.Ижилцэцэг нь тунаж үлдсэн ч ялагч болж чадаагүй юм.
БНХАУ-ын Бээжин хотын Боловсролын их сургуулийг “Олон улсын эрх зүйч” мэргэжлээр төгссөн тэрбээр шоу нэвтрүүлэгт оролцсоныхоо дараа мэдлэг туршлагаа ахиулахаар дахин урд хөршийг зорьжээ. Харин саяхнаас хайр дурлалтайгаа учирснаа зарлаж, найз залуугаа олонд харуулж эхэлсэн модель бүсгүй гучин нас хүрэхээсээ өмнө гэр бүлийн амьдрал зохиохоор шийдсэн бололтой.
Өвөрмөц төрх, чамин хувцаслалтаараа эрчүүдийн анхаарлыг татдаг Г.Ижилцэцэг хамгийн сүүлд дүүтэйгээ хамт реппер Gin Jin-ийн “Хөөрхөн охид Trap сонсдог” дууны клипэнд тоглосон билээ. Дүүгээсээ түрүүлж “борлогдсон” түүний хувьд Гэгээн хайрын өдрөөр цэцгийн баглаанд умбаж, хамгийн аз жаргалтай бүсгүй болсноо анх зарлаж байлаа. Ингээд ихэр моделиуд эхнээсээ эзэгтэйн амьдралд хөл тавихаар зэхэж эхэллээ.