Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн Ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуулиас хамтран зохион байгуулсан “ЭМИЙН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” эрдэм шинжилгээний хуралд Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн ахлах прокурор Б.Өнөрмаагийн хэлэлцүүлсэн илтгэл.
ЭМИЙН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТ, ХЭРЭГЛЭЭГ ХЯЗГААРЛАХ ШААРДЛАГА, ҮНДЭСЛЭЛ
Нэг. Оршил
Сүүлийн жилүүдэд эм, эмнэлгийн хэрэгслээс гадна биобэлдмэл үйлдвэрлэх, худалдах, түгээх, импортлох явдал нэмэгдэж, тусгай зөвшөөрөлгүй иргэн, хуулийн этгээд энэхүү үйл ажиллагааг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр эрхэлж байгаагаас хүн амын эрүүл мэндэд аюул учруулах болсон бөгөөд малын эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн чанар, эрүүл ахуйн шаардлагын талаар ноцтой мэдээлэл нийгэмд түгээгдэх болсон.
Иргэдийн гарцаагүй байдал буюу хүнд өвчний өмнө хүчин мөхөсдсөн байдлыг далимдуулан малд хэрэглэгддэг эм, бэлдмэлийг хорт хавдар эдгээдэг, элдэв төрлийн ургамлыг ахуйн хүрээнд бэлдэж төрөл бүрийн өвчин анагаадаг гэж итгүүлэн нууцаар зарж борлуулсаар байгаа нь одоог ч хүртэл түгээмэл байна.
Мөн БНХАУ, БНСУ-ын уламжлалт эмчилгээ хийх эрх бүхий гуравдахь шатлалын эмнэлэгт тухайн улсад үйлдвэрлэсэн “тан”-г иргэдэд санал болгож, түүнийг иргэд хэрэглэж байгаа нь нууц биш юм.
Хоёр. Хуулийн агуулга тодорхой бус байдал
Хууль бол эрх зүйн хэм хэмжээний акт бөгөөд бүх нийт заавал дагаж мөрдөхөөр төрөөс батлан гаргасан дээд хүчин чадал бүхий баримт бичиг байдаг. Тиймээс ч хуулийн заалт бүх хүнд ойлгомжтой, тодорхой байх ёстой гэсэн зарчим байдаг.
Тухайлбал Герман улсын Холбооны улсын нийтлэг журмын 42 дугаар зүйлд “Хууль хэл зүйн хувьд зөв, аль болох бүх хүнд ойлгогдохоор байх ёстой бөгөөд эрх зүйн хэм хэмжээг тодорхойлохдоо тухайн зохьцуулах гэж буй харилцаанд хэрэглэгдэх хэм хэмжээ хэл зүйн хувьд яг тохирсон” байхыг шаарддаг.[1]
Эрх зүйн хэм хэмжээний нөхцөл, үндэслэл, заалт, журмууд нь хоорондоо логик зүй тогтлоор холбогдон тэнцвэржиж, хийдэлгүй зөрчилгүй уялдан хуульчлагдсан байх ёстой.[2]
Тэгвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь ойлгомжгүй томъёологдсон байгааг доорхи хүснэгтээс харж болно.
20.14 дүгээр зүйл. Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх
1.Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүн, малын эмчилгээнд хэрэглэхийг хориглосон, зөвшөөрөгдөөгүй, хугацаа дууссан эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдсан, түгээсэн бол
Гурав. Хуулийн хийдэл
3.1 Нэрлэгдсэн халдлагын зүйлийг хуульд зааснаар тодорхойлвол:[3]
– ”эм” гэж хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх, дархлаажуулах зориулалттай, үйлчлэл нь эм судлал, эмнэлзүйн сорилт туршилтаар нотлогдсон, нийлэг буюу амьтан, ургамал, эрдсийн гаралтай бодисыг тодорхой хэлбэрт оруулсан, зохих тун, хэмжээгээр хэрэглэдэг бэлдмэлийг;
– “биобэлдмэл” гэж хүний болон мал, амьтны өвчнийг эмчлэх, оношлох, өвчнөөс урьдчилан сэргийлэх зориулалтаар амьд бие, бие махбодь, түүний эд, эсээс болон лабораторийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүнийг;
– “Уламжлалт эм” гэж хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх зорилгоор тодорхой тун, хэмжээгээр хэрэглэдэг, уламжлалт анагаах ухааны жорын дагуу ургамал, амьтан, эрдсийн гаралтай бодис болон үнэт эрдэнэс оруулан уламжлалт болон үйлдвэрийн аргаар бэлдсэн байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг[4] ойлгоно гэжээ.
Нийгэмд уламжлалт аргаар бэлдсэн, хүний эрүүл мэндэд ач холбогдолтой, тодорхой төрлийн өвчнийг илааршуулах чадалтай гэж итгүүлэн мал, амьтны эсхүл ургамлын гаралтай “тан” гэх нэршилтэй уламжлалт эмийг ахуйн хүрээнд бэлтгэж боловсруулан, зарж борлуулж, ашиг олж байгаа үйлдэл түгээмэл байгаа нь нууц биш боловч уламжлалт эмийг зөвшөөрөлгүй үйлдвэрлэсэн, импортолсон, худалдсан, түгээсэн үйлдлийг хуулиар хориглоогүй зөвхөн “эм, биобэлдмэл” гэж хязгаарласан бөгөөд, уг үйлдлийн улмаас бусдад хор уршиг учирсан тохиолдолд ямар хуулиар хариуцлага хүлээх нь тодорхой бус байна.
Уламжлалт эм нь эм гэсэн ангилалдаа багтах эсэх нь Эрүүгийн хуулийн дээрх заалтад тодорхойгүй байна. Учир нь “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-д “эм”, “уламжлалт эм” гэдгийг хоёр салгаж тайлбарлажээ.
Мөн уламжлалт арга буюу уламжлалт анагаах ухаан дээр суурилсан, эм бэлдэх арга гэдгийг хуульчилаагүй тохиолдолд уламжлалт аргаар эмчилгээ хийж хятад, солонгосын уламжлалт эм нэрийн доор иргэдэд зарж борлуулан эмчилгээндээ хэрэглэж буй “тан” нь тухайн улсдаа эм боловсруулах стандарт, нөхцөлд үйлдвэрлэгдсэн эсэхийг шалгах, тогтоох боломжгүй бөгөөд журамаар зохицуулагдах стандарт зөрчсөн тохиолдолд мөн л хүлээлгэх хуулийн хариуцлага тодорхой бус байна.
Монгол оронд нийтдээ 2100 гаруй байгалийн гуурст ургамал ургадгаас 1100 нь эмийн ургамал юм. Үүнээс аж ахуй, үйлдвэрлэлд 200 гаруйг нь ашиглаж байна. Сүүлийн таван жилийн тоон судалгаанаас үзэхэд байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг 2015 онд 14, 2016 онд 17, 2017 онд 42, 2018 онд 19, энэ онд одоогийн байдлаар 4 тохиолдол бүртгэгдээд байна.. Гэмт хэрэг үйлдэж буй шалтгаан нь улсын хилээр нэвтрүүлж ашиг олох зорилготой. Монгол орон байгалийн ургамлыг экспортлогч орон болсон[5] талаар албаны эх сурвалжид дурьдагдсан байдаг.
Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлд “уламжлалт эм” болон гэрийн тэжээвэр амьтныг /нохой, муур, гахай, тахиа г.м/ эмчлэхэд хэрэглэх эм, биобэлдмэл түүнийг хууль бусаар үйлдвэрлэсэн, худалдсан, түгээсэн, импортолсон талаар хориглосон зохицуулалт огт байхгүй бөгөөд мөн хуулийн тусгай ангийн “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” буюу 18.5 дугаар зүйлийн 18.5.2.3 дахь хэсэгт “ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор”-ыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан, нэвтрүүлсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцоохоор заажээ.[6]
Мөн хуулийн 24.8 дугаар зүйлд “нэн ховор, ховор ургамал”-ыг “түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна.
Гэвч “нэн ховор, ховор” ангилалд багтаагүй атлаа уламжлалт хэрэглээ эсхүл ам дамжсан ярианаас үүдэлтэй, хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй, эмийн үйлчилгээтэй “тан” гэх нэршилтэй, шинжлэх ухааны хувьд эмчилгээний эсхүл аливаа өвчний эсрэг үйлчлэл нь батлагдаагүй уламжлалт эмийг хувиараа бэлтгэн борлуулж байгаа үйлдлийг хуулиар зохицуулах шаардлагатай байна.
“Уламжлалт эм”-ийн гаж нөлөө нь шууд болон шууд бусаар буюу тодорхой цаг хугацааны дараа илэрч болох бөгөөд зарим тохиолдолд аливаа өвчний явцыг түргэсгэх аюултай байж болох боловч иргэд өвчин, зовиураас салах магадгүй анагаахын шинжлэх ухаан хүчин мөхөсдсөн өвчний үед хувиараа “тан” барьдаг гэх хүмүүс дээр сайн дураараа очдог нөгөө талаас бусдын өвчин, шаналалыг мөнгө олох хэрэгсэл болгож буй хүмүүсийн золиос болж байгаад анхаарлаа хандуулах шаардлагатай болжээ.
Анагаахын шинжлэх ухаан хүчин мөхөсдсөн өвчний үед хүн уламжлалт эм нэртэй төрөл бүрийн зүйл хэрэглэж байгаад улмаар нас барсан тохиолдолд уг өвчний улмаас уу эсхүл хэрэглэсэн ургамал болон амьтны гаралтай бэлдмэлээс болсон уу нөгөө талаас угаасаа тавилан багатай өвчний явцыг уг бэлдмэл түргэтгэсэн үү гэдгийг нотлох боломж манайд бий юу гэдэг нь эргэлзээтэй.
3.2. Эрүүгийн хуульд зөвхөн “ Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүн, малын эмчилгээнд хэрэглэхийг хориглосон, зөвшөөрөгдөөгүй, хугацаа дууссан эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдсан, түгээсэн“ үйлдлийг гэмт хэрэгт тооцсон атлаа экспортлох үйл ажиллагааг орхигдуулсан нь учир дутагдалтай байна.[7]
Монгол улс эмийн ургамлын нөөц, баялагаар элбэг гэдгийг зөвхөн Монгол Улсын иргэдээс гадна гадаадын иргэд мэддэг болсон, жуулчны визээр Монгол улсад ирж эмийн ургамлыг судалдаг болсон нь нэгэнт ил болсон зүйл.
Уламжлалт эмчилгээнд хэрэглэгддэг, нэн эсхүл ховор эмийн жагсаалтад бүртгэгдээгүй, Монгол улсын эм болон уламжлалт эмчилгээнд танигдаагүй боловч гадны улсад тэртусмаа уламжлалт эмчилгээг эрхэмлэдэг Азийн улс оронд өргөнөөр хэрэглэдэг ургамалыг Монгол улсад боловсруулан, хилээр нэвтрүүлэхийг зевшөөрсөн бараа /эмчилгээний зориулалт бүхий дэр, хөнжил г.м/ , бүтээгдхүүн /биологийн нэмэлт бүтээгдхүүн, амттан, эмчилгээний зориулалт бүхий тос, тосон түрхлэг г.м/ болгон экспортлох бүрэн боломжтой байгаа нь хуулийн дээрх зохицуулалтаас харагдаж байна.
Энэ нь Монгол улсын эмийн ургамлын нөөц болон судлагдаагүй боловч цаашид уламжлалт эмчилгээнд хэрэглэгдэж болох ургамлын нөөц устаж үгүй болох эрсдлийг дагуулж байна.
Хэрэв “Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүн, малын эмчилгээнд хэрэглэхийг хориглосон, зөвшөөрөгдөөгүй, хугацаа дууссан эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл”-ийн зарим нь тухайлвал эмийн түүхий эд /хэдий хугацаанд хадгалахыг журамлаагүй эсхүл тодорхой бус, хугацаагүй хадгалж болох/, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл нь хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааны жагсаалтад нэршлээрээ ороогүй байгаа тохиолдолд түүнийг экспортлоход ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхой бус байна.
Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйл буюу “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих”[8] заалтад “Эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, шинэ эм хэрэглээнд гаргах шаардлага, нөхцөлийг зөрчсөн импортлох, эсхүл экспортлоход тавигдах шаардлага, эсхүл хориглох зүйлийг зөрчсөн” тохиолдолд зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэхээр байгаа нь хуулийн хийдлийг ашиглах боломж гарч ирж байна. Тухайлвал “уламжлалт эм” үйлдвэрлэх, хэрэглээнд гаргах шаардлага, нөхцлийг зөрчсөн тохиолдолд хэрхэн хариуцлага хүлээлгэх эсэх нь тодорхойгүй байна.
Хуульд тодорхойлсон “эм барих эрхгүй” атлаа бусдад санал болгож, итгүүлж буй “тан”-г өөрийн бие дээр хэрэглэж үзсэн эсхүл олон хүн үүнийг хэрэглээд илааширсан талаар итгэл үнэмшил бий болсон, энэ нь анагаахын шинжлэх ухаанаар батлагдаагүй эсхүл үгүйсгэгдээгүй тохиолдолд тухайн уламжлалт эм буюу “тан”-г хэрэглэсан хүний эрүүл мэнд нь муудсан бүр цаашлаад амь нас нь хохирсон тохиолдолд ямар хуулийн заалтаар хэрхэн хариуцлага хүлээлгэх нь тодорхой бус байгаа хуулийн хийдлийг арилгах шаардлагатай.
Дөрөв. Дүгнэлт.
Нэг. Аливаа хуулийн тодорхой бус зохицуулалтаас шалтгаалж нийгэмд бий болсон эсхүл бий болзошгүй нөхцлийг арилгах нь өөрөө аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чухал нөлөөтэй байдаг. Уламжлалт эмчилгээ, эмийг эртнээс дээдэлж ирсэн Азийн улс орнууд тэртусмаа Монгол улсын хувьд ургамлын гаралтай зөвшөөрөгдсөн “уламжлалт эм”-ийг хэрэглэх нь түгээмэл бөгөөд үүнийг дагаад хувиараа эм буюу “тан” барьдаг, энэ нь амьдралын эх үүсвэр болсон хүн цөөнгүй байгааг бүгд мэддэг, нийгэмд “хүлээн зөвшөөрөгдөөд” байгаа нь нууц биш юм.
Ургамлын гаж нөлөөний талаар мэдлэг хомс түүнчлэн тухайн ургамлын талаархи уламжлалт хэрэглээний талаархи мөн эмчилгээний батлагдаагүй эерэг үр дүнгийн тухай ам дамжсан ярианд итгэж эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулж байгаа иргэдийг нөгөө талаас бусдын өвчин, шаналалыг мөнгө олох хэрэгсэл болгож буй хүмүүсийн үйлдлийг таслан зогсоохын тулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлд “уламжлалт эм” –ийн тухай зохицуулж өгөх.
Хоёр. Уламжлалт эмчилгээнд хэрэглэгддэг, нэн эсхүл ховор эмийн жагсаалтад бүртгэгдээгүй, Монгол улсын эм болон уламжлалт эмчилгээнд танигдаагүй боловч гадны улсад тэртусмаа уламжлалт эмчилгээг эрхэмлэдэг Азийн улс оронд өргөнөөр хэрэглэдэг ургамалыг Монгол улсад боловсруулан, хилээр нэвтрүүлэхийг зевшөөрсөн бараа /эмчилгээний зориулалт бүхий дэр, хөнжил г.м/ бүтээгдхүүн /биологийн нэмэлт бүтээгдхүүн, амттан, эмчилгээний зориулалт бүхий тос, тосон түрхлэг г.м/ болгон экспортлох бүрэн боломжтой байгааг анхаарч хязгаарлалт хийх. Ингэснээр Монгол улсын эмийн ургамлын нөөцөд ороогүй эсхүл судлагдаагүй боловч цаашид уламжлалт эмчилгээнд хэрэглэгдэж болох ургамлын нөөц устаж үгүй болох эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой болно.
[1]Gesetze bedienen sich einer Gesetzessprache, die oft nicht mit der Umgangssprache übereinstimmt.
[2]Академич С.Нарангэрэл “Эрх зүйн эх толь бичиг”
[3] Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, 2010 он, 3 дугаар зүйл
[4] Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, 2010 он, 3 дугаар зүйл
[5] http://olloo.mn/n/64616.html
[6] 18.5 дугаар зүйл.Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх
1.Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн…….
3.Энэ гэмт хэргийг соёлын дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны, ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн, палеонтологийн олдвор, эд өлгийн зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол
[7] 20.14 дүгээр зүйл.Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх
1.Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүн, малын эмчилгээнд хэрэглэхийг хориглосон, зөвшөөрөгдөөгүй, хугацаа дууссан эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдсан, түгээсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
[8] 6.6 дугаар зүйл.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих
1.Эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, шинэ эм хэрэглээнд гаргах шаардлага, нөхцөлийг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл импортлох, эсхүл экспортлоход тавигдах шаардлага, эсхүл хориглох зүйлийг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан этгээдийн зардлаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй, улсын бүртгэлийн загвараас зөрүүтэй /өнгө, дүрс, бичгийн хэлбэр зэрэг/ эм, эмнэлгийн хэрэгслийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүйгээр гаалийн бүсээс буцаана.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН СУРГАЛТЫН ТӨВИЙН АХЛАХ ПРОКУРОР, ХУУЛЬ ЦААЗЫН ШАДАР ЗӨВЛӨХ Ph.D Б.ӨНӨРМАА